2007-07-26

Орон зай

Оюутан байхад бидэнд “Олон улсын харилцааны түүх, гадаад бодлого”гэдэг хичээл ордог байсан юм. Аливаа төрт улсын оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэг асуултад их олон хариулт байж болно гэж өвгөн профессор хэлдэг байлаа. Хүн ам, газар нутаг, үндэсний үзэл санаа байх нь төрт улс болохын тулгын гурван чулуу нь гэж заадаг байлаа.

Хүн ам гэдэг нь ч ойлгомжтой. 10 сая хүн амтай улс цаашид хурдан хөгжих бүрэн бололцоотой байдаг гэж байгаа юм. Хүн ам их байхын хэрээр тухайн орны зах зээл нь их байна гэсэн үг. Хүн ам цөөтэй улсад мэдээж зах зээл нь бага байх нь ойлгомжтой.

Газар нутаг... Газар нутаг их байх тусам байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй байх магадлал өсдөг. Хүн төрөлхтөний түүхэнд болж байсан ихэнхи дайн тулааны гол шалтгаан нь газар нутаг, байгалийн баялаг, ашигт малтмал эзэмших маргаанаас л болсон байдаг.

Үндэсний үзэл санаа гэвэл тухайн улсын ард түмнийг нэгтгэдэг оюун санааны бүтээл байж болно. Марксист-ленинист онол ч юм уу, эсвэл ардчилсан үзэл санаа, консерватив, нацист, фашист, хойд солонгосын чучхе гэх мэт үзэл санаанаас гадна шашин ч бас ард түмний оюун санааг нэгтгэдэг гэж байгаа. Арабын орнууд нэг шашинтай болохоороо л эвлэлдэн нэгдэж байгаа атгасан гар шиг сүрхий байна. Шулмын шүлэг гэдэг ном бичсэн Ираны зохиолч Салман Рушди үүний тод жишээ. Салман Рушдиг лалын шашныг гутаасан бүтээл туурвисан гээд арабын ихэнхи оронд нэг нүдээрээ ч хялайдаггүй. Харин ч Ираны шүүх түүнийг цаазаар авах ял аль 1989 онд оноосон. Азаар Салман Рушди арлын Лондон руу цагаачилж, тэндээ аж төрж байгаа.

Төрт улс болохын “тулгын гурван чулуу” гээд байгаа энэ 3 зүйлийн аль нэгийг нь илүүд үзээд байх хэрэггүй. Гэхдээ би газар нутаг гэдгийг нь өнөөдөр онцлох гэсэн юм. Газар нутаг гэдэг бол оршин тогтнох орон зай. Аливаа улс оронд оршин тогтнох орон зай зайлшгүй хэрэгтэй. Орон зай гэдэг ойлголтыг газар нутагтай холбон үзэхээс гадна олон улсын харилцаанд эзэлж байгаа нэр хүнд, байр суурь, олон улсын тавцанд гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбож бас үздэг байна. Газар нутаг багатай ч Сингапур азийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөрөө нэлээн том орон зай эзэлдэг. Ямар сайндаа л Сингапур бол “Азийн бар” гэж өхөөрдөж байхав дээ.

Гол хэлэх гэсэн санаа руугаа орох гэж баахан л юм нуршлаа.

Одоо тэгвэл орон зай гэдэг энэ ойлголтоо хувь хүн дээр аваад үзье. Хэн нэгэн хүнийг байхгүй болчихоор нь одоо тэр үгүйлэгдэнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Нэг үгээр хэлбэл тухайн хүний орон зай эзгүйрч хоосорсон гэсэн үг. Ингээд өчигдөр би бодлоо. Ингэхэд би ямар орон зай эзэлдэг бол? Хэн нэгэн хүний сэтгэлд би хэр том орон зай эзэлдэг бол? Харамсалтай нь бусдын дотор руу өнгийж, сэтгэлийг нь уудалж чадахгүй болохоор би бусад хүмүүсийн дотор ямар орон зай эзэлдэг вэ гэдгээ мэдэхгүй явна. Гэхдээ надад хандаж байгааг хандлага, надад хэлж байгаа үгнээс нь тэр хүний дотор би ямаршуухан орон зай эзэлдэгийг өчүүхэн жаахан ч гэсэн мэдэж авч болно байх аа. Ингэхэд хэн нэгэн хүн намайг үгүйлдэг болов уу? Хааяа ч болов дурсдаг болов уу? Эсвэл хүмүүс намайг зүгээр л мартчихдаг юм бол уу? Утасдана, холбоо барина. Мессэж бичнэ гэсэн хүн хэлсэн амандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг. Янз бүрийн л шалтгаан гараад утасдаж, холбоо барьж, мессеж бичиж амждаггүй байх. Надтай холбоо бариагүй хүмүүс намайг ор тас мартчихсан юм болов уу гэж хүртэл бодов. Үүнийг уншиж суугаа таны сэтгэлд би ямар орон зай эзэлдэг вэ?

5 comments:

ershuu said...

oron zai yu? neeree bi her oron zaitai boloo? minii oron zai bas ovoo yum baigaa baih gej boddiishd. chinii helseneer humuusiin nadad handaj baigaa handlagaar bas minii ugiig yaaj avj baigaagaar ooriigoo bol ovoo oron zaitai zaluu l gej boddog hehe

MNED said...

to ERSHUU> Neeree amidarch baigaa hureendee, orchindoo, ajil deeree, bas naizuudiinhaa dund oorin gesen battai ORON ZAI ezleh ih chuhal yum baina gej bi dbodoh bolsoon.

ershuu said...

gehdee oron zaig bii bolgoh bish ooroo l ayandaa bii boldog yum shig baigaa yumaa

MNED said...

Tiim ch baij boloh yum aa. Yutai ch oron zai ezleh ni l hamgiin gol ni.

huurhun said...

Hun oron zaigaa mederdeg baih heregtei, medersen bol ter oron zaigaa aldahgui baih heregtei l dee. Bi ch gesen tegj boddog ner khugarahaar yas hugar aa gej ug baidagshu dee ene ih chukhal aa