2007-08-31
СЭТГЭЛ ХООСОН ӨДӨР
Өнөөдөр би ганцаардаж байгаагаа мэдэрч, бас сэтгэл гунигтай байна. Асгартал уйлмаар ч юм шиг санагдах юм. Гэвч болохгүй гэж өөртөө хэлээд ажил дээрээ сууж байна.
2007-08-30
Иргэний хөдөлгөөнүүд
Монголд үүсэн бий болсон зүсэн зүйлийн энэ иргэний хөдөлгөөнүүд бүгдээрээ зорилогоороо ялгагдаж байна аа. За тэр уурхайчид ч яахав. Нүүрсний үнийг засгийн газар тогтоодог. Юмны үнэ монголд нэмэгдээд байхад амьдрах хэцүү байна. Нүүрсний үнээ ахиухан нэмэё гэж байгаа. Хадгаламж зээлийн хоршооныхон, САПУ-ийн галд хөрөнгө мөнгөө алдсан хүмүүс хохиролоо авчих санаатай байгаа. Үүнээс бусад хөдөлгөөнүүд нь уул уурхай, тэр дундаа Оюу толгой төсөл, тогтвортой байдлыгн гэрээ байгуулах нь зөв буруу гэж хоорондоо хэрэлдээд байгаа бололтой.
Сүүлийн үед дэндүү их олширсон иргэний хөдөлгөөнүүдийн утга учир нь эхнээсээ алдагдаж байх шиг. Жишээ нь Эрс шинэчлэл хөдөлгөөн хоёр тэргүүнтэй болчихжээ. Хөдөлгөөний хоёр дарга бие биенээ үгүйсгээд БИ ЖИНХЭНЭ нь гэж хэрэлдээд байх юм. Аль нь үнэн яриад, хэн нь худлаа гөрдөөд байгаа юм бүү мэд. Тэгсэн чинь өнгөрсөн долоо хоногт Шудрага иргэдийн фронт гэдэг хөдөлгөөний дарга нь хэвлэлийн бага хурал зарлаж баахан сэтгүүлч сурвалжлагч нарыг цуглуулж байгаад “Би дараа жил УИХ-ын сонгуульд оролцох тул завгүй болно. Иймд одоо энэ жил завтай байгаа дээрээ Буйр нуурын усанд сэлж дээд амжилт тогтооно. Надаас өөр хэн ч Буйр нуурт сэлж байгаагүй” гэж мэдэгдэж байхыг ТВ мэдээгээр харлаа. Олны анхаарлын төв байхын тулд хүмүүс янз бүрийн юм бодож олох юм даа. Тэгээд ч одоо Монголын нийгэм бүхэлдээ энэ бүх иргэний хөдөлгөөнүүдээс залхаж байх шиг. Өсгөлөн зарлаад төв талбай дээр хэвтэх нь 1989 онд нийгмийн шоконд оруулж байсан бол одоо2007 онд тэднийг хэн ч тоохгүй. Жагсаал цуглааныг дагалдан баясаад явж байснаас өмнөх ажлаа хийгээд ялж байх нь өөрт нь ашигтай гэдгийг ихэнхи монголчууд ойлгосон бололтой.
2007-08-28
Элсний нүүдэл

Хөдөөнөөс ирсэн гурван охин хотод ирээд хэсэг хугацааны дараа орон гэр, нутгаа санаж байгаа хэсэг нь их таалагдаж сэтгэлд их дотно санагдав. Яагаад гэвэл нутгаа санахын зовлонг би ч өөрөө мэдэрч туулж өнгөрүүлсэн болохоор сэтгэлд нэг л ойрхон. Долоо, найман жилийн өмнө анх гэрээсээ хол явчихаад бас л нутгаа санадаг байж билээ. Хамт ирсэн хүүхдүүд маань яг л энэ кинон дээр гардаг шиг гэртээ очно, нутагтаа харина гээд л ярьдаг байсан сан. Нэгнийгээ Монгол руу буцна гэхээр нь бусадтайгаа нийлж зад загнаад л. Тэгснээ долоо хоноод л нөгөө загнаад байсан хүн чинь би ерөөсөө Монгол явна аа гээд л... Тэгэхээр нь загнуулж байсан гар эргэж нөгөөхөө загнаад л, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байж билээ.Элсний нүүдэл киног үзээд сууж байхад амьдралын минь яг тэр мөч санаанд орж ирж байлаа.
Энэ киноны зураг авалт нь нэлээн сайн болсон байна лээ. Гэхдээ бас шүүмжлэх юм байна аа. Киноны дундуур хэтэрхий их дуу явуулах юм. Энэ нь таалагдсангүй. Бас хэтэрхий олон үйл явдал гарч байгаа ч хоорондоо жаахан авцалдаа муутай юм. Нэг үгээр хэлбэл “ӨРНӨЛ” гэх юм байхгүй санагдав. Ер нь бол энэ кино таалагдсан шүү. За тэгээд энэ киноны 2-р анги тун удахгүй гарах юм гэсэн. “Элсний нүүдэл” үргэлжилнэ.
2007-08-19
Нийгмийн өмнө хүлээх хариуцлага
Одоогоос бараг 6 жилийн өмнө би нэг сонин маргааны гэрч нь болж байсан юм. Зуны амралтаараа Монголд ирээд хамаатнынхаа ах эгч нарын хүүхдүүдийг нь дагуулаад хүүхдийн парк орсон юм. Монголдоо ганцхан байдаг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд тэр өдөр хүн багатай их сэлүүхэн байсан юм даг. Тэгээд ч хүүхдийн паркын хэдэн тоглоомнууд нь хэтэрхий муудаж хуучирсан болохоор хүний сонирхол татахаасаа илүү хэзээ салж унаад осол аваар гарах бол гэж айдас төрүүлэхээр болчихоод удаж байгааг хүн болгон мэднэ биз ээ. Хамаатнтыхаа 5 настай охинийг “морин тойруулага” гэдэг тоглоомонд суулгахаар тасалбар аваад иртэл миний өмнө хоёр хижээл насны эмэгтэй “морин тойруулга” тоглоомын ажилтантай хэрүүл үүсгээд зогсож байлаа. Хэрүүл маргаан болж байгаа газар угаасаа муу энерги ялгарч байдаг болохоор надад тэр нөхцөл байдал тийм ч таатай санагдаагүй юм. Тэр муухай хэрүүлийг би сонсоё гэж хэрэгт дурласан ч үгүй. Угаасаа хажууд болж байгаа процесс болохоор надад дуулдаж байгаа юм чинь. Сонсоод байсан чинь хэрүүл маргаан гарах болсон шалтгаан нь тун шалихгүй юм байжээ. Тэр хоёр эмэгтэй тасалбар авалгүйгээрр хүүхдүүдээ морин тойруулганд суулгая. Хүүхдүүд тоглож байх хооронд тасалбарыг нь аваад ирье гэсэн юм байна л даа. Паркын ажилтан зөвшөөрөөгнүй байна. Дүрэм журмынхаа дагуу бол үйлчлүүлэгч эхлээд тасалбараа аваад дараа тоглох эрхтэй болно биз дээ. Үйлчилгээний ажилтан яг л энэ үүргээ бартимталжээ. Гэтэл нөгөө хоёр хичээл насны эгч паркын ажилтанг утга учиргүй загнаж гарав. Би л чамаас хэдэн төгрөг луйвардчихав гэж. Чамайг бодвол би мөнгөтэй хүн... гэж байгаад л паркын морин тойруулгын ажилтныг хэл амаар доромжилж өөрийнхөө хөрөнгө чинээтэйг гайхуулав. Хөөрхий тэр ажилтан залуу би танд билетээ л аваад ир гэсэн ш дээ гэхээс өөр юм хэлж чадахгүй байсан юм.
Хөрөнгө мөнгөндөө дулдуйдаж ажилаа дүрэм журмынх нь дагуу хийж байгаа хүнийг ингэж доромжилж байгааг хараад тэр хоёр эмэгтэйг зэвүүцэж, паркын ажилтан залууг өмөөрөөд хэдэн үг хэлмээр санагдаж билээ. Гэхдээ тухайн үед би тэр маргаанд АРБИТРИЙН ШҮҮГЧ /хөндлөнгийн шүүгч/ болохыг хүсээгүй юм аа. Ийм жижигхэн юмнаас л хүний харьцааны соёл, боловсролын түвшин харагдах юм даа. Хичнээн ганган хувцасласа мөнгөтэй байсан ч тэр хичээл насны хоёр эмэгтэй тарчигхан хувцасласан нар салхинд борлож харласан тэр паркын ажилтан залуугаас дорой хөөрхийлөлтэй харагдаж байсан даа.
Ингээд бопохоор аливаа пүрэм журмыг биелүүлж байгаа хүнийг загнаад дур зоргоороо аашилдаг иймэрхүү хүмүүсээс болоод монгол орон хээл халууль, авилгад идэгдэж, хүн чанар алга болж, нийгэм ялзарч байгаа байх аа.
2007-08-16
МОНГОЛЫН ЦАГААН ОРДОН
Хотын хог, шороо,тоос, байнга оршин суудаг хаяггүй “тэнэмэл хүмүүсийн сүрэг”, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хүмүүсийн ёс суртахууны доройтол, ухамсар дорой байдал, харьцааны соёл гээд тоочоод байвал Монголд хар бараан юм зөндөө л байна. Гэхдээ эх орныхоо муу муухайг дуудаж тоочихоос гадна бас гэрэлтэй гэгээтэй юм мэр сэр байна аа. Монголын улс төрийн гал тогоо байрладаг ТӨРИЙН ОРДОН өнгө зүсээ өөрчилж байгааг УБ-д амьдарч байгаа хүмүүс анзаарсан байхаа. Саарал ордон өнгөө засаж байгааг ажил гэрийн хооронд явах зуураа анзаарлаа. Саарал ордон 9 сарын 1-ээс өмнө гаднах өнгөө бүрэн өөрчилж “ЦАГААН ОРДОН” гэж нэрлэгдэх болно. Магадгүй төрийн ордонд нэвтэрч сурвалжлага бэлтгэх эрхтэй сэтгүүлчид мэдээнийхээ төгсгөлд “Монголын цагаан ордоноос мэдээллээ” гэдэг болох бизээ. Одоогоос бараг сарын өмнө манай ангийн нэгэн блогчин найзтайгаа Сүхээ ахын талбайгаар алхаж явсанюм аа. Тэр “Улсынхаа төрийн талбайн эргэн тойрон өндөр байшин сүндэрлүүлж байгаа улс Монголоос өөр байхгүй гэж манай улсад айлчлал хийсэн гадаадын нэг улсс төрч хэлж байсан” гэж надад хэлээд Сүхбаатарын талбайн эргэн тойронд баригдаж байгаа байшингуудыг тоолсон юм. Нээрээ анзаарсан чинь Сүхбаатарын талбайн эргэн тойронд долоон байшин барьж байна лээ. Би ч үүнийг анзаарч хараагүй. Харин тэр “манай ангийн” блогчин найз маань сайн анзаарч харсан байгаа юм даа. Үнэхээр ч Улаанбаатарт оон байшин баригдаж байгаа. Гэхдээ ихэнхи нь монгол барилгачид биш, хятадууд барилга дээр ажиллаж байгаа харагдана лээ. Монголд хятадууд олноороо ирж, харин цөөхөн хэдэн монголчуудын ихэнхи нь Өмнөд Солонос руу хар ажил хийхээр өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. За ингээд дахиад Монгол орон, монголчуудаа шүүмжилээд эхэллээ…
Ямар ч байсан Монгол улс өөрийн гэсэн “Цагаан ордонтой” болох нь ээ.