9 мая ДОБРОЕ УТРО
Ялалтын баярын өдөр өглөө эрт сэрчихэв. Уг нь амралтын өдөр жаахан унтая гэж бодож байсан юм. Сэрээд л зурагтаа асаав. ОРТ-оор “Доброе утро” гарч байв. Баярын өдрийн дугаар болохоор жирийн өдрүүдийнхээс шал ондоо өнгө аястай. Залуу насаа фронт дээр өнгөрүүлсэн ахмад дайчидын дурсамж яриагаар хийсэн сурвалжлага, ярилцлага гарч байна. Үзээд байсан чинь үнэхээр сонирхолтой түүх их байна аа. Энэ дундаас хамгийн сэтгэл хөдөлгөсөн нэг сурвалжлагынн тухай заавал бичмээр санагдав.
Цэрэгт татагдаж байлдаж байгаа аавыгаа олж уулзахаар 1-р ангийн жаахан банди найзтайгаа хамт замд гарчээ. Фронт руу явах тухайгаа хэнд хэлэлгүй явган 400 орчим км газар туулсан байгаа юм. Тэдний замд цэргүүд тааралдаж хоёр бандийг хооллож ундлаад эргээд Москва руу буцаажээ. Аавыгаа олж уулзах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн хүү 3 сарын дараа дахин гэрээсээ оргожээ. Энэ удаа тэр азаар аавынхаа алба хааж байгаа цэргийн ангийн дугаар, хаана байрлаж байгааг нь мэдэж чадсан байна. Ингээд аавыгаа олж уулзаж чаджээ. Аав нь хүүтэйгээ уулзсан тэр өдөр байлдааны тусгай даалгавар амжилттай биелүүлсэн учраас шагналуулжээ. Аавтайгаа уулзсан хүү зорилгоо биелүүлээд гэртээ эргэж ирсэн байна. Ингэхдээ гар хоосон ирсэнгүй, аавынхаа медаль, бас гэрийнхэндээ бичсэн захиаг авч очжээ. Дайны дууссаны дараа аав нь ирсэнгүй. Амь үрэгдсэн байжээ. Фронтын шугам хүрж аавтайгаа уулзсан хүү одоо 60 гаран настай өвгөн. Аавынхаа захиадал, медаль хоёрыг одоо болтол хадгалж явдаг юм байна.
Дайн гэдэг хүний хүн чанар, тэсвэр хатуужилыг шалгадаг сорил юм шиг ээ. Сэтгэлд хөдөлгөсөн өөр нэг түүхийг бас бичмээр санагдав. 70 гарсан нэг өвгөн дайны талбар дээр амийг нь аварсан нэг цэрэгийг одоо болтол хайж явдаг тухайгаа ярьсан юм байна.
Германы бөмбөгдөлтөөс миний амийг огт танихгүй нэг цэрэг аварсан юм. Дайны дараа би нутаг буцаж галт тэрэгээр явж байхдаа амийг минь аварсан цэрэгтэй санаандгүй тааралдсан. Замын зогсоол дээр галт тэрэг хэдхэн хором зогсоход нь би тамхилаахаар вагоноос буусан юм. Тамхилчихаад эргээд вагондоо суух гэж байтал миний амийг аварсан цэрэгтэй санаандгүй таарлаа. Тэр өөрийнхөө нэрийг Иван гэж хэлсэн. Би түүний овогийг тухайн үед асуугаагүй. Дөнгөж уулзаад мэндлээд нэр усаа солилцоод байтал галт тэрэг хөдлөх болж би ч санд мэнд вагон руу харайлгасан. Вагоны хаалгаар толгойгоо цухуйлгаад хаягаа гэж би хашхирсан. Хармсалтай нь олон хүний шуугиан, галт тэрэгний нүргэлсэн дуунд би түүний хэлсэн үгийг дуулсангүй. Иван бүсээ тайлж, над руу шидсэн юм. Амь насын минь аварсан ачтаны бүс нь л надад үлдсэн. Овогийг ч нь мэдэхгүй тэр хүн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол над руу холбоо бариарай. Би бүсийг чинь эргүүлж өгмөөр байна гэж хэлж байв.
Тухайн өглөө үзсэн “Доброе утро” нэвтрүүлгээр үзүүлсэн сурвалжлагуудаас хамгийн сэтгэлд хоногшсон нь энэ хоёр сурвалжлага.
9 мая ЦЭРГИЙН ПАРАД
“Доброе утро” үзэнгээ өглөөний цайгаа уулаа. Төдөлгүй 10.00 цагаас Улаан талбай дээр болж байгаа цэргийн парадыг Оросын томоохон ТВ-үүд шууд дамжуулан үзүүлэв. Энэ жилийн парадын онцлог нь цэргийн мэргэжилээр сурч байгаа оюутанууд, курсантууд жагсан юм байна. Урьд жилүүдэд дайнд оролцсон ахмад дайчид жагсаалд оролцсон юм. Энэ жил дандаа залуухан цэргүүд. Цэргийн хувцастай хүмүүс их сүрлэг харагдах юм аа. Төрийн дуулалаа хөгжимгүйгээр хоороороо дуулаад л сүртэй гэж...
9 мая ЗУГААЛСАН НЬ
Парад дууссаны дараа сургуулийнхаа хүүхдүүдтэй хамт амьтны хүрээлэн оров. Энэ жил шинээр ирсэн хүүхдүүд амьтны хүрээлэн дагуулаад яваач гээд гуйхаар нь дагуулж явсан юм. Манай хэд ч амьдралдаа анх удаа заан, анааш, цагаан бар, эрээн тахь амьдаар нь харж байгаа болохоор сонирхолтой л байсан байх. Харин надад зоопарк үзэхээр өрөвдөх сэтгэл төрөөд байдаг юм. Амьтны шорон ч гэж нэрлэмээр ч юм шиг. Ер тэгээд торонд сууж байгаа амьтад ямар л олиг байхав дээ. Хүний гараас хоолоо авч идээд, өдөр болохоор хүмүүс шаваад амар заяаг нь үзүүлэхгүй хэцүү байдаг биз. Монгол тахь, хоёр бөхтэй тэмээ эндхийн амьтны хүрээлэнд байдаг юм. Тэмээний бөх нь унжаад бүүр сульдаа болчихсон. Ингэж ч амьтныг амьдаар нь тамлах гэж дээ. Хөөрхий...
За тэгээд амьтны хүрээлэнгээс гараад шууд гэртээ эргэж ирлээ. Орой нь сургуулийнхаа оюутануудтай хамт Улаан талбай орж тэнд болж байгаа концерт үзэхээр болов. Талбай дээр хөл тавих ч зай алга. Концерт болж байгаа хэсэг рүү нь орох аргагүй байсан болохоор 22.00 цагт буудах салютыг хүлээнгээ тэр хавиар баахан сэлгүүцэв. Тэгээд салют харчихаад эргээд метрондоо сууж гэртээ ирсэн дээ. 5 сарын 9-нийг иймэрхүү өнгөрүүллээ.
2007-05-09
2007-05-11
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
main bayariin mend :)
bayarllaa.
Post a Comment