2007-05-01

ҮНЭСЭЛТ

Монголоос ирсэн товарищид орчуулага хийж хэд хоног хотоор хамт бэдэртэв. Сүүлийн хэдэн долоо хоног би гэр, сургууль гэсэн нэг л маршрутаар явсан юм байна. ажил хэрэгч этгээдийн төлөвлөж байсан албан ажил нь бүтсэн болохоор сэтгэл санаа нь өөдрөг, инээд алдаад л... За ажил төрөл нь ч яахав. Энэ хэдэн өдөр дурлалдаа умбаад жаргалтай байгаа хосууд нүдэнд зөндөө өртөв. Хамаг юм нөгөө монголоос ирсэн ажил хэрэгч этгээдийг Шереметьево-2 нисэх буудал дээр тоссоноос эхэлсэн юм байна. Ажил хэрэгч этгээдийг хүлээн зогсох зуураа холын холоос ирж байгаа дотны хүнээ угтаж байгаа хүмүүсийг харж нүдээ баясгав. Хил гаалийн хяналтын бүсээс гарч ирсэн ах дүү, найз нөхөд, үр хүүхдээ угтаж байгаа хүмүүс тэвэрч аваад л баахан үнэсээд, инээлдээд... Амьдралын торгон мөч.
Улаанбаатараас ирсэн онгоцтой зэрэгцээд Армяны Ереван хотоос ирсэн онгоцны зорчигчид хилийн бүсээс гарч байсан юм. Кавказ төрхтэй туранхайвтар залууг хилийн хяналтын бүсээс гарч ирэхэд нь угтаж байгаа нэг залуу: Чего ты так долго задержался? /Чи юундаа ингэж удав аа? гэж хэлээд тэвэрч аваад олны өмнө үнэсэлцдэг байгаа. Бүр гурван удаа. /Би бүүр тоолсон байгаа биз./ Хэхэ...Тэд лав манай ангийнх байсан байхаа. (Том хадуурав.) Араб, Кавказ гээд лалын шашинтай эрчүүд мэндлэхээ үнэсэлцдэг заншилтай. За тэгэж байтал миний угтах ёстой ажил хэрэгч этгээд гараад ирлээ. Тэгээд регистраци, зочид буудал энэ тэр ахуйн асуудлыг нь шийдвэрлэлцэж өгөөд албан ажлыг нь бүтээхээр явав. Метро, гудамж талбай, цэцэрлэг гээд хаашаа л харна үнэсэлцэж байгаа хосууд нүдэнд өртөв. Миний энэ муу хоёр нүд нүгэл хурааж хичнээн ч үнэсэлцэж байгаа хүнийг овоо хараандаа буулгачихав даа. Хавар болоод хүмүүс хувцасаа нимгэлээд залуучууд гэнэт бие биенээ олж хараад, бөөн хайр дурлал дэлбээгээ нээж байгаа цэцэг шиг олширч байгаа гэдэг нь ийнхүү нотлогдов. Хавар болохоор дурлалын бурхан тэнгэрт нисээд нум сумаа харваж хайр дурлалыг харамгүй түгээж байгаа юм байна аа. Би сингл царайлаад... Хосуудад атаархах сэтгэл эрхгүй төрөөд. Тэгээд нэг хүнийг гэнэт санаад. Бодлын бороог сэтгэлдээ оруулаад л хорвоогийн бор өдрийг өнгөрүүлж байна даа.

No comments: