2007-05-30

Ямар халуун байна аа

Ойрд нээрээ аймаар халуун байна аа. Зайрмаг, хvйтэн ундаа, ус уусаар байтал хоолой өвдөж эхэллээ. Халуун хүйтэн харшилна гэдэг нь болж байгаа юм байлгүй. Монгол явах өдрөө тэсэн ядан хүлээгээд л... Нөгөө диссертация бичээд ашгүй дууслаа. Удахгүй хамгаалалт болно. Хамгаалалтаас өмнө бушуухан хооло хөндүүрлэж байгаа нь зүгээр болоосой. Тэгэхгүй бол юм ч уншиж чадахгүй, багш нарын өмнө хачин хоолойгоор дуугарах нь ээ.

2007-05-29

Шереметьево-2

Манай сургуулийн нэг аспирант эгч Германы Дюссельдорф хотоор дамжин АНУ явах болов. 5 сарын 27-ний өглөө 8.25 цагт онгоц нь хөөрөх юм байна. Яаж ч хурдан явсан өглөө гэрээсээ гарах юм бол хоцорчих гээд байна. Орой онгоцны буудал руу хүргээд өгөөч гэж надаас гуйв. Эмэгтэй хүн тусламж гуйж байхад яаж үгүй гэхэв дээ. Монгол хүмүүс байна. Бие биендээ туслаахаас яахав. Тэгээд сургуулийнхаа аспирант эгчид туслахгүй бол хөөрхий нисэх буудал руу харанхуй шөнө ганцаараа явж, өглөө нь онгоцондоо ортолоо ганцаараа хүлээлгийн танхимд суух юм байна гэдэг дүр зураг нүдэнд тодроод ирлээ. Ингээд зөвшөөрлөө. Оройн 11 цаг гээд аспирант эгчийн чемоданаас нь бариад Шереметьво-2 нисэх онгоцны буудалыг зорив. Оройн замын бөглөрөх нь харин гайгүй юм байна. Ердөө нэг цагийн дотор л нисэх буудал дээр ирлээ. Тэгээд нисэх буудлын хүлээлгийн танхимд нь орсон чинь онгоцоо хүлээсэн хүмүүс сандал дээр суугаа чигээрээ унтаад л... Эгч бид хоёр бас сандал хайж баахан холхив. Бүх сандал эзэнтэй болчихож. Шөнийн, эсвэл бүүр эрт өглөөний нислэгээр явах хүмүүс ч өрөвдмөөр юм аа. Ашгүй нэг сандал олоод суулаа. Сургуулийнхаа аспирант эгчтэй хичээл номноос авахуулаад хавь ойрын хамаг юмыг хамж шимж ярьж суутал шөнийн 3 цаг болчихов. Эгчийн нойр хүрээд миний хажууд суугаа чигээрээ дугхийж орхив. Би эвшээлгээд л суугаад байлаа. 30 минут хүрэхтэй үгүйтэй унтаад эгч сэрэв. Чиний нойр хүрэхгүй байна уу гэж эгч асууж байна. Намайг ч бас суугаа чигээрээ унтана гэж бодсон бололтой. Бид хоёр дахиад л буу халаад. Сүүлдээ хийх юмаа олж ядаад нисэх буудал дээр үнэгүй тараадаг сонинг хүртэл гарчиглаж суув. Ингэсээр ашгүй өглөөний 6.25 минутад Дюссельдорф руу нисэх зорчигчидийг бүртгэж эхлэв. Бүртгүүлэх гээд явж байхдаа Щвейцарийн Цюрих хот руу явах гэж байгаа бас нэг эгчтэй тааралдав. Тэр эгчийг эндхийн Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэр нь үдэж өгч байв. Азаар Цюрих, Дюссельдорф орох зорчигчидийг нэг газар бүртгэж байв. Сургуулийнхаа аспирант эгчийг онгоцны бүртгэлээ хийлгэж байх зуур Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэрээс нь энд буудал дээр хоносон юм уу гэж асууж амжив. Үгүй, сая л гэрээсээ ирлээ. Манай найз Цюрих явж байгаа юм гээд та хоёр энд хоносон юм уу гэв? Би ч үнэнээ л хэллээ. Өчигдөр орой энд хоносон. Оюутан энэ тэр гэсэн чинь намайг хальт өрөвдсөн юм байлгүй эгчийнхээ машинаар хүргүүлээрэй гэж байна. Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн газар манай сургуулийн хажууханд нүүгээд ирсэн юм. Ашгүй ингээд тэр эгчийн машинаар гэртээ хүргүүлэв. Өглөө 6 цаг өнгөрч байхад зам дээр машин бага, агаар цэвэрхэн сайхан юм аа. Нисэх буудлаас гэр хүртэл 120 км/ц хурдаар 30-аад минутад л амьдардаг гудамжиндаа ирдэг байгаа. Метрогоор явсан бол 2 цаг гаран болох байлаа. Шөнө нь нойргүй хоносон надад энэ шиг том тус гэж юу байхав дээ. Яахав дээ ядарсан мань мэтийн оюутанд тусалсан төмөр замын төлөөлөгч ахын эхнэрт нь баярлаа гэж...
Гэртээ орж ирээд дэрэн дэээр толгой тавиад л нам. Арай гэж унтах гэж байтал монголоос “Өнөөдөр ..... хүүхдийн үс авах найр болж байна. Аав ээж нь тэднийд сууж байна” гэсэн байна. хариу мессэж ч бичих тэнхэл алга. Унтахаар нүдээ анив. Яана аа..
Ойрд миний нойр солигдоод хачин байна аа. Ядаж байхад ойрд агаарын хэм 35 хэмээс буухгүй юм. Бороо ороосой. Жаахан сэрүүхэн болдоггүй юм байх даа. Халуунд бие нозоороод диссертациа ч бичих хүсэлгүй, залхуу болоод байхиймаа.

Шорлог – Шашлык







5 сарын 10-аас эхэлээд энэ цаг агаар хэт халуун байна аа. Буужны жигнүүрт байгаа юм шиг л. Энд бүүр 35 хэмийн халуун болж байна ш дээ. Сүүлийн хэдэн арван жилд манай хотод ийм халуун болж байгаагүй гэж бүх телевизийн мэдээгээр мэргэжлийн хүмүүс ам уралдан ярьж байна. Би уг нь их цайсаг хүн. Халуун байхуу уух дуртай. Гэтэл гадаа ийм халуун байгаа болохоор байхуу цай уух хүсэл ч төрөхгүй байна. Өөрийн эрхгүй зайрмаг долоогоод, ice tea –ний байнгийн хэрэглэгч болчихоод байна. Өнгөрсөн хэдэн өдөр ямар үйл явдал болж өнгөрлөө гэж бодлоо. Эрдмийн ажлын удирдагч багшдаа хийсэн ажлаа үзүүлсэн юм байна. Бага сага засах, шинээр хийх юм бас байна гэнээ. Ингээд бичиж байгаа ажлаа дахин засаж бичих болов. Бас сургуулийнхаа оюутануудтай хамт ойд шорлог хийж идсэн юм байна. /Муу хүн идсэн уусан аа гэж/. Манай оюутны хотхоноос холгүй ой мод байдаг юм. Өнгөрсөн долоо хоногийн 5 өдөр орой монголчуудтайгаа хамт ойн цоорхойд очиж задгай гал дээр борщ чанаж, шорлог хийж бас яаж зүгээр байхав шар айрагдав. Ойрд хичээл ном, шалгалт шүүлэг гэж гүйсэн болохоор баасан гаригийн оройг ингэж амралтын байдлаар өнгөрүүллээ. Манай хэдэн оюутанууд яасан ч дуулах дуртай болчихсон юм. Хаанаас ч юм нэг нь “Хар Чингис” гаргаж ирээд аяны дугараа энэ тэр гээд.
Бүхэл шөнийг ойд өнгөрүүлэв. Шөнийн 4 цаг гээд л үүр цайж гэгээ ордог болсоныг сая л анзаарлаа. Санкт-Петербургт бол бүүр цагаан шөнө нь эхэлчилсэн гоё байгаа даа. Нээрээ ялалтын баярын дараахан Санкт-Петербург хот руу явах гэж байсан ч энэ төлөвлөгөө бүтээгүй. Нэг л сайхан нартай өдөр видео камераа бариад үүргэвчтэй аялалд гарна аа. Бямба гаригийн өглөө 6 цагт гэртээ ирээд усанд орчихоод унтахаар хэвтэв.

Хөөрхий дөө миний блог


Гэнэтхэн өөрийнхөө блогыг өрөвдөх сэтгэл төрөв. Анхандаа ч миний блогт хүссэн бүхэн ороод гардаг байв. Блогтоо нэвтрэх эрхтэй хүтүүсийн тоог цөөлөх зорилгоор блогтоо цоож хийв. Бат найдвартай цоожтой болгочихлоо гэж санаа амарсанаас хойш би гэдэг хүн блогтоо шинээр тун цөөхөн юм бичсэн юм байна. Тэгээд ч яг шалгалт шүүлэг давхардаад байгаа болохоор интернэтээр шагайж блогоо эргэх ч зав зай байсангүй ээ. Уг нь би бүүр хоёр блогтой хүн. Хамгийн анхны блог маань улс-төр, олон улсын харилцааны чиглэлээр өөртөө хэрэгтэй, хэзээ нэгэн цагт эргээд санаж байхад амар гээд бичих зорилгоор нээсэн блог. Харин MNED нэртэй энэ хоёр дахь блогийг нээсэн цагаас эхлээд анхны блогтоо юм бичихээ болиод байгаа. Уг нь блогоо үр хүүхэд гэж зүйрлэх юм бол би хоёр блогныхоо нэгийг нь бүүр тоохоо болиод байгаа маш муу “эцэг, эх” юм аа. Цаг завтай болохоороо нөгөө блогтоо жаахан юм бичнэ ээ. Сүүлийн үед олон улсын харилцаанд чухал баахан л проблем үүсээд байгаа. ТВ-ийн дэлхийн мэдээг үзэж, сонин хэвлэл уншихдаа олон улсын харилцаатай холбоотой асуудлыг анхаарлын төвдөө байлгаж байгаа мөртлөө блогтоо өөрийнхөөрөө бичиж тэмдэглэхээ ч байж. Дараа нь ажлаа хийж байтал гэнэт олон улсын харилцааны нэг проблемын талаар лавлагааны бэлэн материал өөрийнхөө блог дээр байлгаж байвал их амар байгаа юм даа. Харин хоёр дахь блог маань аймаар лут цоожтой. Цоож хийсэнээс хойш ч хүмүүс орж гарч чадахгүй хаяагаар минь гараад яваа байгаа бололтой. Орж ирсэн ганц нэг хүмүүс нь comment үлдээхгүй гараад явдаг болсон байгаа юм даа. Удахгүй ингэж байгаад энэ блогныхоо цоожыг нь аваад хаячихна аа. 2007-05-27

2007-05-24

ГАНЦААРДАЛ

СЭТГЭЛ ХООСРОЛ

2007-05-21

ICE-CREAM МОРОЖЕННОЕ ЗАЙРМАГ

ШОКОЛАДТАЙ ЗАЙРМАГ
БИ Ч ДУРТАЙ
ЧИ Ч ДУРТАЙ
БҮГДЭЭРЭЭ ДУРТАЙ.

Friday


Сүүлийн гурван өдөр хүйтэн Cola, зайрмагнаас салсангүй. Энд термометр +30 хэмийг зааж байна. Нээрээ аймшигтай халуун байна аа. Өнгөрсөн ням бямба гаригийн өглөө тайван унтаж байтал утас тачигнатал дуугарч сэрээчихэв. Нүдээ хагас аниастай чигээр нь гар утсаа тэмтэрч олоод харсан чинь шал хачин дугаараас залгаж байна. Утасны харилцуураа авах у? Болих уу гэж жаахан эргэлзэж байгаад авлаа. Нойрмог дуугаар хэн бэ гэж асуусан чинь ээж байна аа миний хүү гэв. Нээрээ ойрдоо гэр лүүгээ утасдаагүй юм байна. Ээжийн моби-гийн дугаар руу SMS нисгэсээр байгаад утасдана гэдэг юмыг бараг мартсан байгаам даа би гэдэг хүн. Тэгсэн сургууль, хичээл нь юу болж байна, хоолоо ундаа сайн хийж байгаа юу гээд л... Би ч бүх юм болж байгаа. Бүтэж байгаа л гэж хэлэв. За тэгвэл ашгүй дээ гээд гэр орныхоны тухай сүүлийн мэдээг дамжуулж байна. Тэгснээ бага сага илгээмж явуул гэж захиж байна. Би ч за л гэлээ. Өглөөний цайгаа уучаад шоппинг хийхээр явлаа. Хотын захаас 40 км орчим зайтай байдаг IKEA, АШАН, МЕГА гээд дэлгүүрийг зорилоо. Тэгсэн чинь нэг цаг явж байж хүрдэг газар зам бөглөрсөнөөс болж бараг 2 цаг явж очив. Ядаж байхад нар шараад хэлэх ч юм биш ээ. Дэлгүүр хэсэх зуураа ходоодны ероол руугаа хоол олж шидээд дэлгүүр хэсэх ажлаа үргэлжлүүлэв. За тэгээд ээжийн захисан юмыг авчихаад, нэг дэлгүүр орсных гээд хүнсээ бас базаахаар шийдлээ. Идэж уух юм цуглуулаад цахилгаан барааны тасагаар нь хальт шагайж видео камерын штатив энэ тэр юм жаал сонирхож байгаад хөгжим, CD, DVD бас хараад амжив. Оросын “РОССИЯ” телевизээс гаргасан “Диктаторы 20-ого века” гэдэг DVD авав. Гитлер, Сталин, Мао Цэ Дун, Ким Ир Сен, Муссолини, Тито гээд 20-р зуунд байсан 6 дарангуйлагчын амьдралын тухай цуврал баримтат кино. Өглөө гэрээсээ гарсан хүн орой нар жаргахын алдад гэртээ ирдэг байгаа. Гэртээ ороод шүршүүрт ороод киногоо үзээд...

2007-05-14

EUROVISION-2007





5 сарын 12-нд манай ангид хамт сурч байсан Женя гэдэг орос охин утасдаад телевизийн нэвтрүүлэгт үзэгч болох уу? EUROVISION-ныг Финляндаас шууд дамжуулах “Пусть говорят” нэвтрүүлгийн тусгай дугаар. Манай нэвтрүүлэгт монгол хүн хэрэгтэй байна. Олон байх тусмаа сайн гэж Женя утасаар хэлэв. Хэрвээ ТВ-ийн нэвтрүүлгийн үзэгч болохыг хүсвэл паспортын Е серийн дугаар, овог нэрээ бичээд мессежээр явуулаарай гэж байна. Би ч уухайн тас зөвшөөрлөө.

Женя ОРТ /Оросын Олон Нийтийн Телевизийн/ залуучуудын нэвтрүүлгийн редакцид ажилладаг юм. “Пусть говорят” гэдэг нэвтрүүлэгийн редактор нь. Энэ нэвтрүүлэг долоо хоногийн даваа-баасан гаригт ОРТ-оор гардаг. Хөтлөгч нь Андрей Малахов гэдэг залуу. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийг төгсөөд Америкад бас хэсэг хугацаанд сурч байсан гэж нэг сэтгүүл дээрээс уншиж байсан. TALK SHOW хийхдээ гарамгай хөтлөгч.

За тэгээд сургуулийнхаа хэдэн монгол оюутанд хэлсэн чинь хамт явъя гээд дуртай байна. Тэгэхээр нь Женя руу хамт очих оюутануудынхаа пасспортын дугаар, овог нэрийг бичээд SMS-ээр илгээв. Ингээд маргааш нь буюу 5 сарын 13-нд орой 22.00 цагт Остакино телевизийн төв дээр очлоо. Нэвтрүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт барьчихсан хоёр цагдаа хүмүүсийг шалгаж байв. Эхэлээд пасспорт шалгаж байна. Паспортны зураг руу хараад над руу нэг хараад л /Улсын хил дээр ажилладаг шалган нэвтрүүлэх албаны ажилтан шиг/. Овог нэр, паспортын дугаар тулгаж үзээд металл илрүүлэгчээр гаргаад, дараа нь хоёр гар алдлуулж металл илрүүлэгч жижиг бороохой шиг юмаар давхар шалгав. Угаасаа телевиз гэдэг улсын онцгой объект тул энэ бүх хяналт шалгалтыг тайван хүлээж авлаа. За энэ ч яахав. Тэгээд “Останкино” телевизийн төвийн 14-р студи руу орлоо. Шууд нэвтрүүлэг эхлэхэд 30-аад минут дутуу байв. Манай ангийн Женя ч студи дотор ажилаа хийгээд наашаа цаашаа гүйгээд л. Хөөрхий ажил ихтэй байгаа бололтой. Телевизийн ажил ч бас нээрээ хэцүү шүү. Женя биднийг ирсэнийг хараад дөхөж ирээд хаана суух ёстойг маань хэлж өгөв. Тэгээд биднийг яагаад энэ нэвтрүүлэгт урьсан шалтгааныг тайлбарлав.
Верка Сердючка гэдэг нэрээр Орост адаршсан Укриан үндэстэн дуучин залуу байдаг юм. Дөнгөж 30 орчим насны, туранхайдуу залуу боловч 40-50 насны бүдүүн авгай шиг хувцаслаж дуулдаг. Бүдүүн хөгшин авгайн дүрд орохын тулд хиймэл хөх зүүж, аймаар зузаан шуба өмсөж, танигдахын аргагүй нүүрээ буддаг гэж байгаа. Верка Сердючка Орост аялан тоглолт хийж, орос хэлээр дуулж олны танил болсон залуу. Тэр энэ жилийн EUROVISION –д эх орноо төлөөлөлж оролцох болжээ. EUROVISION-ны тайзан дээр дуулах түүний дууны дахилтад нь RUSSIA GOOD-BYE гэсэн үг байсан нь оросуудын эгдүүцлийг төрүүлжээ. Та яагаад ийм дуу дуулаад байна гэж асуусан чинь Верка Сердючка RUSSIA GOOD-BYE гэж дуулаагүй ш дээ. Би лаша тумбай гэж дуулсан. Энэ чинь монгол үг. Сбить масло гэсэн үг байхгүй юу даа гэж хариулсан юм байх. Ингэхээр нь оросууд лаша тумбай гэдэг нь үнэхээр монгол үг эсэх, хэрэв монгол үг бол энэ нь оросоор юу гэсэн утгатай болохыг мэдэх аянд гарчээ. Ингээд EUROVISION –ийг Финлядаас шууд дамжуулан үзүүлэх үеэр монголчуудыг энэ нэвтрүүлэгт оролцуулж Верка Сердючкагийн лаша тумбай гээд байгаа нь ямар утгатай болохыг хэлүүлэх гэсэн юм байжээ.
Та нарын хэн нь лаша тумбай гэдэг монгол үг байдаггүй хэлэх вэ гэхээр нь би өөрөөсөө түлхээд манай энэ оюутан яриг гээд өөрөөсөө түлхэв.
За тэгвэл тохирлоо шүү. Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Андрей Малахов хүрч ирээд Лаша тумбай гэдэг монгол үг мөн үү гэж асуухаар нь мөн бишийн алин болохыг товч тодорхой хэлээрэй гэчихээд Женя яваад өгөв.
Нэвтрүүлэг эхлэхийг хүлээж суунгаа студийг нь сонирхож харав. Монголын аль ч телевизэд ингэж сайн тохижуулсан студи байхгүй. Гэрэлтүүлэг, тайзны засалт, телевизийн тоног төхөөрөмжийг нь харахаар өөрийн эрхгүй атаархал төрөөд явчихав. Ингээд энэ жил Финляндын Хельсинк хотод зохиогдож байгаа EUROVISION дуу хөгжмийн наадмыг шууд дамжуулж эхэллээ. Шууд дамжуулах ч гэж дээ. Финляндаас цацаж байгаа долгионыг ОРТ дахин дамжуулж байгаа хэрэг. /Манай монголын телевизүүд японы NHK телевизээр шууд дамжуулж байгаа сумо бөхийн тэмцээнийг дахин дамжуулдаг шиг л... / Украины дуучин Верка Сердючка дуулахын өмнөхөн Андрей Малахов манай монгол оюутан руу дөхөж очоод Лаша Тумбай гэж монгол үг үү гээд л тохирсон ёсоороо асуув. Манай хүн ч мэдээж энэ монгол үг биш. Монгол хэлэнд ийм үг байдаггүй гэж хариулж таараа.
Верка Сердючка EUROVISION-ны тайзнаас хэрүүл уруул дагуулсан дуугаа дууллаа. Гэхдээ энэ удаа тэр Лаша Тумбай энэ тэр гэж дуулсангүй. RUSSIA GOOD-BYE гэдэг үгийг тодоос тод хэлж дуулж байлаа. Оросууд ч Верка Сердючкаг хуга доош хийж муулж байна. Өнгөрсөн жилийн EUROVISION-д Оросоос Дима Билан “Never let you go” дуугаар оролцож 2-р байранд орсон юм. Энэ жил Оросын “Серебро” гэдэг 3 гишүүнтэй охидын хамтлаг оролцож 3-р байр эзэллээ. “Серебро” хамтлаг оростоо тийм ч алдартай хамтлаг биш. Ийм хамтлаг байдаг эсэхийг танил оросуудаасаа асуухад мэдэхгүй гэж хэлж байсан юм. EUROVISION дууслаа. Финляндад тэмцээн дууссаны дараа “Пусть говорят” нэвтрүүлгийн хөтлөгч Андрей Малахов “Серебро” хамтлагтай online-аар холбогдож шууд ярилцлага хийв. Энэ нэвтрүүлэгт Оросын MTV-ийн хөтлөгч нар, дуучин Лариса Долина, “Тутси” хамтлаг, ДТВ-ийн “Шоу Российских Рекордов” нэвтрүүлгийн хөтлөгч, Оросын “EUROPA+” радио станцийн редактор, хөтлөгч, ОРТ –ын “Доброе Утро” нэвтрүүлгийн хөтлөгч нар оролцов. Аа тийм бас Оросын Төрийн ДУМ /оросын парламент/ -ын нэг гишүүн /одоо нэр нь орж ирдэггүй ээ таг мартсан байна./ оролцов. Тэд EUROVISION тэмцээний тухай сэтгэгдэлээ яриад, оросын хамтлаг энэ удаагийн наадамд хэр оролцсон талаар санал шүүмжлэлээ хэлж байв. Ийм л нэг ток шоу болж өнгөрлөө. Ингээд нэвтрүүлэг шөнийн 03.00 цагт дууслаа. Нэвтрүүлэг дууссаны дараа оросын телевизийн хөтлөгч нартай хамт зурагаа авахуулах боломж гарав.

Энэ жилийн EUROVISION-д оролцсон хамтлаг дуучидаас Грек, Беларусийн дуучид надад илүү таалагдав. Ялангуяа Беларусийн дуучин Дима Колдун гэдэг хөөрхөн залуу дажгүй дуулж байна. Дима гэдэг нь ч яахав нэр нь. Харин Колдун гэдэг нь nick name нь. Үсний засалт, хувцаслалт энэ тэр нь Дима Билантай төстэй. Бас сайн хараад байх юм бол бурхан болсон Уэльсийн гүнж Дианатай адилхан ч юм шиг санагдав. Хэхэ. Ммм. Оросууд ч Дима Колдуныг дэмжиж өндөр оноо өгч байсан. Учир нь тэр залуу Оросын “Фабрика Звезд” реалити шоуд оролцож байсан юм билээ. Бас түүний менежерээр нь оросын дуучин Филлип Крикоров ажилласан юм байна лээ. Телевизийн төв дээр зураг хөрөгөө татуулсаар байтал шөнийн 4 цаг болов. Метро өглөө 6 цагт онгойх болохоор телевизийн нэгдүгээр давхарт байрладаг “ТВ ГУРМАН” гэдэг нэртэй кафед сууж цай унд эргүүлэв. Тэгээд өглөө 5 цаг 45 мин метроны станц руу алхав. Ингээд метронд суугаад лгэрийн зүг. Би метронд ороод л дуг хийчихэж. Нэг мэдсэн чинь хамт яваа оюутанууд маань намайг сэрээгээд бид нар ирчлээ гэдэг байгаа. Метроноос гараад гэртээ ороод л нам унтав.

2007-05-11

ЯЛАЛТЫН БАЯР

9 мая ДОБРОЕ УТРО
Ялалтын баярын өдөр өглөө эрт сэрчихэв. Уг нь амралтын өдөр жаахан унтая гэж бодож байсан юм. Сэрээд л зурагтаа асаав. ОРТ-оор “Доброе утро” гарч байв. Баярын өдрийн дугаар болохоор жирийн өдрүүдийнхээс шал ондоо өнгө аястай. Залуу насаа фронт дээр өнгөрүүлсэн ахмад дайчидын дурсамж яриагаар хийсэн сурвалжлага, ярилцлага гарч байна. Үзээд байсан чинь үнэхээр сонирхолтой түүх их байна аа. Энэ дундаас хамгийн сэтгэл хөдөлгөсөн нэг сурвалжлагынн тухай заавал бичмээр санагдав.
Цэрэгт татагдаж байлдаж байгаа аавыгаа олж уулзахаар 1-р ангийн жаахан банди найзтайгаа хамт замд гарчээ. Фронт руу явах тухайгаа хэнд хэлэлгүй явган 400 орчим км газар туулсан байгаа юм. Тэдний замд цэргүүд тааралдаж хоёр бандийг хооллож ундлаад эргээд Москва руу буцаажээ. Аавыгаа олж уулзах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн хүү 3 сарын дараа дахин гэрээсээ оргожээ. Энэ удаа тэр азаар аавынхаа алба хааж байгаа цэргийн ангийн дугаар, хаана байрлаж байгааг нь мэдэж чадсан байна. Ингээд аавыгаа олж уулзаж чаджээ. Аав нь хүүтэйгээ уулзсан тэр өдөр байлдааны тусгай даалгавар амжилттай биелүүлсэн учраас шагналуулжээ. Аавтайгаа уулзсан хүү зорилгоо биелүүлээд гэртээ эргэж ирсэн байна. Ингэхдээ гар хоосон ирсэнгүй, аавынхаа медаль, бас гэрийнхэндээ бичсэн захиаг авч очжээ. Дайны дууссаны дараа аав нь ирсэнгүй. Амь үрэгдсэн байжээ. Фронтын шугам хүрж аавтайгаа уулзсан хүү одоо 60 гаран настай өвгөн. Аавынхаа захиадал, медаль хоёрыг одоо болтол хадгалж явдаг юм байна.
Дайн гэдэг хүний хүн чанар, тэсвэр хатуужилыг шалгадаг сорил юм шиг ээ. Сэтгэлд хөдөлгөсөн өөр нэг түүхийг бас бичмээр санагдав. 70 гарсан нэг өвгөн дайны талбар дээр амийг нь аварсан нэг цэрэгийг одоо болтол хайж явдаг тухайгаа ярьсан юм байна.
Германы бөмбөгдөлтөөс миний амийг огт танихгүй нэг цэрэг аварсан юм. Дайны дараа би нутаг буцаж галт тэрэгээр явж байхдаа амийг минь аварсан цэрэгтэй санаандгүй тааралдсан. Замын зогсоол дээр галт тэрэг хэдхэн хором зогсоход нь би тамхилаахаар вагоноос буусан юм. Тамхилчихаад эргээд вагондоо суух гэж байтал миний амийг аварсан цэрэгтэй санаандгүй таарлаа. Тэр өөрийнхөө нэрийг Иван гэж хэлсэн. Би түүний овогийг тухайн үед асуугаагүй. Дөнгөж уулзаад мэндлээд нэр усаа солилцоод байтал галт тэрэг хөдлөх болж би ч санд мэнд вагон руу харайлгасан. Вагоны хаалгаар толгойгоо цухуйлгаад хаягаа гэж би хашхирсан. Хармсалтай нь олон хүний шуугиан, галт тэрэгний нүргэлсэн дуунд би түүний хэлсэн үгийг дуулсангүй. Иван бүсээ тайлж, над руу шидсэн юм. Амь насын минь аварсан ачтаны бүс нь л надад үлдсэн. Овогийг ч нь мэдэхгүй тэр хүн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол над руу холбоо бариарай. Би бүсийг чинь эргүүлж өгмөөр байна гэж хэлж байв.
Тухайн өглөө үзсэн “Доброе утро” нэвтрүүлгээр үзүүлсэн сурвалжлагуудаас хамгийн сэтгэлд хоногшсон нь энэ хоёр сурвалжлага.
9 мая ЦЭРГИЙН ПАРАД
“Доброе утро” үзэнгээ өглөөний цайгаа уулаа. Төдөлгүй 10.00 цагаас Улаан талбай дээр болж байгаа цэргийн парадыг Оросын томоохон ТВ-үүд шууд дамжуулан үзүүлэв. Энэ жилийн парадын онцлог нь цэргийн мэргэжилээр сурч байгаа оюутанууд, курсантууд жагсан юм байна. Урьд жилүүдэд дайнд оролцсон ахмад дайчид жагсаалд оролцсон юм. Энэ жил дандаа залуухан цэргүүд. Цэргийн хувцастай хүмүүс их сүрлэг харагдах юм аа. Төрийн дуулалаа хөгжимгүйгээр хоороороо дуулаад л сүртэй гэж...
9 мая ЗУГААЛСАН НЬ
Парад дууссаны дараа сургуулийнхаа хүүхдүүдтэй хамт амьтны хүрээлэн оров. Энэ жил шинээр ирсэн хүүхдүүд амьтны хүрээлэн дагуулаад яваач гээд гуйхаар нь дагуулж явсан юм. Манай хэд ч амьдралдаа анх удаа заан, анааш, цагаан бар, эрээн тахь амьдаар нь харж байгаа болохоор сонирхолтой л байсан байх. Харин надад зоопарк үзэхээр өрөвдөх сэтгэл төрөөд байдаг юм. Амьтны шорон ч гэж нэрлэмээр ч юм шиг. Ер тэгээд торонд сууж байгаа амьтад ямар л олиг байхав дээ. Хүний гараас хоолоо авч идээд, өдөр болохоор хүмүүс шаваад амар заяаг нь үзүүлэхгүй хэцүү байдаг биз. Монгол тахь, хоёр бөхтэй тэмээ эндхийн амьтны хүрээлэнд байдаг юм. Тэмээний бөх нь унжаад бүүр сульдаа болчихсон. Ингэж ч амьтныг амьдаар нь тамлах гэж дээ. Хөөрхий...
За тэгээд амьтны хүрээлэнгээс гараад шууд гэртээ эргэж ирлээ. Орой нь сургуулийнхаа оюутануудтай хамт Улаан талбай орж тэнд болж байгаа концерт үзэхээр болов. Талбай дээр хөл тавих ч зай алга. Концерт болж байгаа хэсэг рүү нь орох аргагүй байсан болохоор 22.00 цагт буудах салютыг хүлээнгээ тэр хавиар баахан сэлгүүцэв. Тэгээд салют харчихаад эргээд метрондоо сууж гэртээ ирсэн дээ. 5 сарын 9-нийг иймэрхүү өнгөрүүллээ.
2007-05-09

2007-05-08

БЛОГИЙН НАЙЗУУДАА

ug ni ene blogoo buh humuust neelttei bailgay gej bodson yum. Getel bas bolohgui yum baina gej bodloo. Bi ihevchilen surguuliinhaa internetees blogoo shinechildeg yum. Getel sayahan minii blog ruu manai surguuliin neg student orchihson suuj baih ni teree. Bi minii ene blog ruu manai angiinhan l orj baigaasai gej boddog yum. Tiim bolohoor blog ruu nevterch unshih humuusiin toog tsooloh uudnees settings ruu orood Permissions -d zovhon songoson hereglegchid nevtreh erhtei geed songochihloo.

2007-05-04

NEWS


PMI корпорациас мэдээлснээр дуучин Элтон Жон 2007 оны 6 сарын 6-нд Санкт-Петербург хотын “Дворцовая площадь” талбайд тоглолтоо хийх юм байна.
Үүнээс өмнө Элтон Жон Оросын нийслэл хотын “Горькийн нэрэмжит соёл амралтын хүрээлэнд” тоглолт хийх болно гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан юм. Орост хийх Элтон Жоны тоглолт нь "Elton John The Red Piano Europe 07 Tour" –ын хаалтын ажиллагаа нь болох юм. Санкт-Петербург хотод болох тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг PMI корпораци тараагаагүй байна. Элтон Жон Зөвлөлт Холбоот Улсад хамгийн анх удаа 1979 онд ирж Москва, Ленинград /Санкт-Петербург/ хотуудаар зочилж байжээ. Дараа нь 1995 онд Москвад ирж концертод оролцож байсан юм. Харин гурав дахь удаагаа 2001 оны зун Москвад ирж байсан юм. Дараа нь 2003 онд Кремлийн ордонд бие даасан тоглолтоо хийж байжээ. Энэ удаа Оросын нийслэл хотын захиргаа Элтон Жонд Москва хотод тоглолт хийх зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

МУТИ: Миний үнэнч фэнүүд гей залуус


"Sugababe" хамтлагын гоцлол дуучин асан Мути Буэнагийн (Mutya Buena) хамтгийн үнэнч фэнүүд нь гей залуус гэнэ. Тэд хөгжилдөж чаддаг. Миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн сэтгэлд хоногшсон нь тэд. Тэд цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг гэж Мути Буэна хэлжээ. Энэ жил 21 настай Мути Буэна тун удахгүй Лондон хотын алдарт “G-A-Y” клубд тоглолтоо хийх гэж байгаа гэнэ шүү. Мути Буэна өмнө нь Британий "Sugababe" хамтлагт дуулж байсан юм. 2005 онд хүүхэд төрүүлсэний дараа энэ бүсгүй хамтлагаа орхиж, бие дааж суран бүтээл туурвих болжээ.

ИЗРАИЛЬ


Тель-Авив хотод 6 сарын 8-нд зохиогдох гей карнавал хойшлогдсон байна. Изриалийн ЛГБТ холбооны удирдлагууд Тель-Авив хотод байнга оршин суудаг орос гей залуустай уулзсаны дараа ийм шийдвэрт хүрсэн байна. 2001 оны 6 сарын 8-нд изриалийн Дольфи диско клубд халдлага гарах үеэр олон арван оросууд нас баржээ. Иймд энэ хар өдөр карнавал зохион байгуулахгүй байхыг нутгийн оросууд хүссэн байна. Изриалийн ЛГБТ холбоо тэдний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, Тель-Авивын гей карнавалыг төлөвлөж байсан хугацаанаас нь 7 хоногоор хойшлуулжээ.

2007-05-01

Гунигийн далайд живсэн өдөр

Өнөөдөр гуниглав. Хавар дундаа орж байна. Гадаа дулаараад. Хүйтэн ч биш, дулаан ч биш таатай өдөр. Харин миний дотор гэгээн дурсамж жирэлзэн өнгөрнө. Хэн нэгэн хүнийг дурсан санаж байхад цаадах нь ч бас санаж байдаг гэдэгт би итгэдэг. Гуниг тээсэн энэ өдрүүд хурдан дуусаасай. Зун хурдан болоосой.
2007-04-27

Зүгээр зүгээрхэн чамайг би
Зүйргүй ихээр санаад байна аа.
Зөн билгийн зүүдээ манаад
Зөндөө ихээр үгүйлээд байна аа
Нандин гэсэн бүхнээ зориулж
Насан туршдаа сэтгэлдээ хайрлая.

Санах тусам

Яруу найрагч Ж. Мөнхбатын энэ шүлгийг нэтээс олов. Дууны үг юм шиг байна лээ.

Санах тусам
Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа.
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа чи бас үгүйлээ болов уу?

Зүүдэн зүүдэн учрал зөгнөж
Зөнгөөрөө би чамайгаа саналаа
Хавар хаврын цэцэгхэн шиг энхрий
Хайраа чи бас үгүйлээ болов уу?

Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа

ҮНЭСЭЛТ

Монголоос ирсэн товарищид орчуулага хийж хэд хоног хотоор хамт бэдэртэв. Сүүлийн хэдэн долоо хоног би гэр, сургууль гэсэн нэг л маршрутаар явсан юм байна. ажил хэрэгч этгээдийн төлөвлөж байсан албан ажил нь бүтсэн болохоор сэтгэл санаа нь өөдрөг, инээд алдаад л... За ажил төрөл нь ч яахав. Энэ хэдэн өдөр дурлалдаа умбаад жаргалтай байгаа хосууд нүдэнд зөндөө өртөв. Хамаг юм нөгөө монголоос ирсэн ажил хэрэгч этгээдийг Шереметьево-2 нисэх буудал дээр тоссоноос эхэлсэн юм байна. Ажил хэрэгч этгээдийг хүлээн зогсох зуураа холын холоос ирж байгаа дотны хүнээ угтаж байгаа хүмүүсийг харж нүдээ баясгав. Хил гаалийн хяналтын бүсээс гарч ирсэн ах дүү, найз нөхөд, үр хүүхдээ угтаж байгаа хүмүүс тэвэрч аваад л баахан үнэсээд, инээлдээд... Амьдралын торгон мөч.
Улаанбаатараас ирсэн онгоцтой зэрэгцээд Армяны Ереван хотоос ирсэн онгоцны зорчигчид хилийн бүсээс гарч байсан юм. Кавказ төрхтэй туранхайвтар залууг хилийн хяналтын бүсээс гарч ирэхэд нь угтаж байгаа нэг залуу: Чего ты так долго задержался? /Чи юундаа ингэж удав аа? гэж хэлээд тэвэрч аваад олны өмнө үнэсэлцдэг байгаа. Бүр гурван удаа. /Би бүүр тоолсон байгаа биз./ Хэхэ...Тэд лав манай ангийнх байсан байхаа. (Том хадуурав.) Араб, Кавказ гээд лалын шашинтай эрчүүд мэндлэхээ үнэсэлцдэг заншилтай. За тэгэж байтал миний угтах ёстой ажил хэрэгч этгээд гараад ирлээ. Тэгээд регистраци, зочид буудал энэ тэр ахуйн асуудлыг нь шийдвэрлэлцэж өгөөд албан ажлыг нь бүтээхээр явав. Метро, гудамж талбай, цэцэрлэг гээд хаашаа л харна үнэсэлцэж байгаа хосууд нүдэнд өртөв. Миний энэ муу хоёр нүд нүгэл хурааж хичнээн ч үнэсэлцэж байгаа хүнийг овоо хараандаа буулгачихав даа. Хавар болоод хүмүүс хувцасаа нимгэлээд залуучууд гэнэт бие биенээ олж хараад, бөөн хайр дурлал дэлбээгээ нээж байгаа цэцэг шиг олширч байгаа гэдэг нь ийнхүү нотлогдов. Хавар болохоор дурлалын бурхан тэнгэрт нисээд нум сумаа харваж хайр дурлалыг харамгүй түгээж байгаа юм байна аа. Би сингл царайлаад... Хосуудад атаархах сэтгэл эрхгүй төрөөд. Тэгээд нэг хүнийг гэнэт санаад. Бодлын бороог сэтгэлдээ оруулаад л хорвоогийн бор өдрийг өнгөрүүлж байна даа.

ТАТУ хамтлагийн тухай киноны зураг авалт 5-р сард эхэлнэ.


2007 оны 5 сарын дундуур ТАТУ хамтлагийн тухай бүрэн хэмжээний киноны зураг авалт эхэлнэ. Киног Америк, Оросын уран бүтээлчид хамтран бүтээнэ. Зохиолыг нь Оросын Төрийн ДУМ-ын гишүүн Алексей Митрофанов бичжээ. “TATU Come back” гэж энэ киног нэрлэх болно гэж уран бүтээлчид нь мэдэгдэж байгаа. Гэхдээ энэ нь эцсийн шийд биш гэнэ. ТАТУ хамтлагын тухай кинонд өөр нэр өгч ч магадгүй юм байна. Энэ кинонд ТАТУ хамтлагийн улаан фэн хоёр америк охины тухай өгүүлдэг байна. Дуртай хамтлагийнхаа концертыг үзэхийн тулд тэд маш олон адал явдал туулдаг байна.
www.timeout.ru

GAY NEWS


Сингапур улсад ЛГБТ хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байна. Mignews.Com сайтад Сингапурт ижил хүйсийн хүнд хайр сэтгэлээ илэрхийлснээр шоронд хоригдох, нийгэмд ялгаварлагдан гадуурхагдах аюултай гэж бичжээ. Бэлгийн чиг баримжаанаасаа болоод эрүүгийн хариуцлага хүлээх нь туйлын шудрага бус гэж үзэж байгааагаа Сингапурын улс төрч ноён Ли Куан Ию илэрхийлжээ. Тэрээр ЛГБТ Сингапурт хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл боловсруулж, парламентад өргөн барих гэж байна. Ноён Ли Куан Ию 1959-1990 оны хооронд ерөнхий сайдын албан тушаал хашиж байжээ. Одоо түүний хүү Ли Синнг Хунг нь Сингапурын ерөнхий сайдаар ажиллаж байгаа.
Хүн бэлгийн чиг баримжаагаа сонгодоггүй. Бэлгийн чиг баримжаа нь байгалиас заяагдсан төрөлхийн байдаг. Энэ асуудлыг эрүүгийн хуулиар шийдэх нь оновчгүй гэж Ли Куан Ию мэдэгджээ.
Gay.Ru

HE'S FROM CANADA


"Rolling Stone" сэтгүүлд миний тухай нийтлэл гарсаны дараа эцэг маань намайг золтой л алчихаагүй гэж Канадын хөгжмийн зохиолч, гитарчин, төгөлдөр хуурч Руфус Уэйрайт (Rufus Wainwright) саяхан хэлжээ. Руфусын эцэг Лудон Уэйнрайт /Loudon Wainwright/ канад даяар алдартай хөгжимчин бөгөөд кантри урсгалаар бүтээлээ туурвидаг байжээ. Руфус Уэйрайтыг балчир байхад нь эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Эхнэрээсээ салсаныхаа дараа Лудон Уэйнрайт хүүгээ хүмүүжүүлэх үүргийг эхнэртээ даатгажээ. Гэхдээ хүүгээ өөр шигээ олны танил хөгжимчин болгохын тулд их хүчин чармайлт гаргадаг байжээ. "Rolling Stone" сэтгүүлд Руфус Уэйрайтын тухай нийтлэл хэвлэгдэн гарсаны дараа эцэг Лудон Уэйнрайт нь дэлбэртлээ уурлажээ. Учир нь Руфус Уэйрайт сэтгүүлийн сурвалжлагчид өөрийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьжээ. Нийтлэлд тэр өөрийгөө гей гэдгийг ч нуугаагүй байна. Хүү нь өөрөөс нь илүү алдарт гарсан нь эцэгт нь үл таалагдав. Ингээд багтартлаа уурлаж надад алганы амт үзүүлснээр барахгүй “чамайг үгүй хийчихэе” гэж над руу бахирч байсан гэж Руфус дурсан ярьжээ. Эцгийгээ тайвширтал нь би гэрээ орхиж хэсэг хугацаанд өөр газар аж төрсөн гэж тэр Руфус ярьсаныг Вreakingnews.iol.ie. иш татжээ. Канадын хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа Руфусын шинэ цомог 2007 оны 5 сарын 14-нд олны хүртээл болох юм байна. Түүний шинэ цомогийн продессер нь түүний багийн найз Нил Теннант юм. Руфусын шинэ цомогт 12 шинэ дуу багтжээ. Энэ цомогт нь багтсан "Going To A Town" дуу нь Канадад хит болж амжжээ.
Gay.Ru

MADONNA


Мадонна гей-боксчин залуугийн тухай киноны продессерээр ажиллах гэж байна.
2009 онд зураг авалт нь эхлэх гэж байгаа "Blade To The Heart" нэртэй уран сайхны киноны продюссерээр нь ажиллах болно гэж Мадонна мэдэгджээ. Мадонна шинээр хэд хэдэн цомог бичүүлэх гээд тун завгүй байгаа ч киноны продюссерээр нь ажиллах цаг өөртөө гаргах болно гэж амалжээ. Энэ киног бодит түүхээс сэдэвлэн бүтээх гэж байгаа юм байна. АНУ-ын боксчин Эмиля Гриффит (Emile Griffith) Кубын тамирчин Бенни Паре (Benny Paret)-ийн эсрэг хүчээ үзсэн юм. 1962 оны 3 сард болсон энэ боксын тэмцээнд Паре хүнд цохилтонд орж 10 хоногийн дараа насан эцэслэжээ. Паре тоглолтын өмнө өөрийн өрсөлдөгчийнхөө бэлгийн чиг баримжааг сэтгүүлчдэд илт тод зарлаж сэтгэл зүйн дайралт хийж, хэрэгт дуртай хүмүүсийн яриа бай болгож байв. 1990 оны сүүлээр Гриффит гей гэдгээ албан ёсоор зарлажээ. Би заримдаа гей клубэд очдог. Хүмүүс миний талаар юу бодох нь надад сонин биш гэж тэр хэлдэг байсан гэнэ. 1992 онд Эмиля Гриффитаг Нью-Йоркийн нэгэн гей клубээс гарч явах үед нь зүс үл таних хүмүүс зодож хүнд гэмтэл учруулсан байна. Энэ золгүй явдлын дараа тэр тахир дутуу болжээ. Мадонна энэ болсон явдлыг сонирхож уран сайхны кино хийх гэж байгаа нь одоо спортын тамирчидын дунд бие биенээ бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхах үзэгдэл байдаг тухай дуулиан дэгдээд байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. “Бөгтөр уул” кино амжилт олсоны дараа Холливуд гей сэдвээр хэд хэдэн шинэ кино бүтээх төлөвлөгөө гаргажээ.