2007-09-19

Болъё оо. Болоош дээ.


9 сар ч талдаа ороод талийж өглөө. Ингээд монголчуудын амьдрал нэгэн хэвийн үргэлжилдэг ритмдээ оржээ. Хичээл сургууль жигдэрсэн, өдийд амралтаа авч байгаа хүн монголд ховор байх. Улаанбаатарыгн замын ачаалал их хэвээрээ. Зам бөглөрсөөр л...

Улаанбаатар маань угаасаа ч нарийнхан замтай хэлэх үү. Өнөө хэдэн машин нь өглөө, оройдоо замын түгжрэл үүсгээд байх юм аа. Ядаж байхад дээр нь гадаадын зочид ирэхээр цагдаа нар бүүр зам хаагаад олон хүнийг бухимдуулж байна аа.

Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарыг Монгол улсад айлчлал хийх үеэр Улаанбаатарчууд эрх дураараа ч хөдөлж болохгүй хэцүүхэн байсан гэж нэг “дотны”найз маань ярьж байж билээ. Хамаагүй огцом хөдөлгөөн хийх юм бол снайпер нь буудаж унагаачихна шүү гэж цагдаа нар гудамжаар явж байсан хүмүүст сануулж байсан гэнэ лээ. Бас Улаанбаатарын дээгүүр нисдэг тэрэг сүлжилдээд их гүрний төрийн тэргүүнийг ингэж хамгаалдаг юм гэж сүр хүчийг харуулсан гэж байгаа. Дэлхийн олон улсын харилцаанд жинтэй байр суурь эзэлдэг том гүрний төрийн өндөр алба хашдаг эрхэмүүдийг сайн хамгаалах нь зөв л дөө. Тэднийг монголд явж байхад нь гай болж гадаадын алан хядагчид нь шургалж орж ирээд хамраас нь цус гаргачихаад арилаад өгөх юм бол манай улсын нэр хүндэд ч мэдээж маруухан л юм болж таараа. Гэхдээ ийм юм болохгүй байлгүй дээ гэж л найдахаас. Гадаадын төрийн түшээдийг ирэхээр ачаалалаа дааж ядаж байгаа Улаанбаатарын гудамжны замын хөдөлгөөнийг цагдаа нар бүхэлд нь хааж байгаа нь цаг нартай уралдаж ажилладаг жирийн хүмүүсийн амьдралд үнэхээр гай болж байна. Эрхэмсэг ноён Жорж Буш, Владимир Путин нарыг Улаанбаатарт зочилон ирэх үед би номын мөр хөөгөөд тэртээ хол газар сууж байсан болохоор замын хөдөлгөөнийг хааж ажил албандаа хоцорч байгаа хүмүүсийн зовлонг ойлгоогүй юм байна. Харин өнгөрсөн найман сард Бүгд Найрамдах Болгар Улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Пырвановыг айлчлах үед замын хөдөлгөөнийг цагдаа нар бүхэлд нь хааж билээ. Яг аужилаа тараад явж байтал Төрийн Ордоноос KHAN PALACE зочид буудал хүртэлх Энх Тайвны өргөн чөлөөний замыг хаасан юм. Оройн 18 цаг гэдэг чинь хүмүүс ажилаа тараад ид гэртээ харьж байдаг цаг. Гэтэл яг энэ үеэр Болгарын ерөнхийлөгч байрлаж байгаа зочид буудлаасаа гарч явах шаардлагатай болсон юм байх. /Мэдээж хэзээ хаашаа явах нь хөтөлбөрийн дагуу нарийн зохицуулагдсан л байж таараа./ Болгарын ерөнхийлөгчийн машины цуваа явж өнгөртөл зам дээр ганц ч машин, тэрэг, автобус, троллейбус үзэгдсэнгүй. Харин явган зорчигчид замын хоёр талаар багширч байсан сан. Зарим нэг нь юу болсон юм бол гэж хоорондоо шивэр авир хийцгээж байлаа. Харин мэдээлэл сайтай байдаг зарим нэг нь, эсвэл яарч яваа хүмүүс хоёр зээрдээрэээ хурдалж байсан юм. Замын хөдөлгөөнийг өдрийн цагаар бүрэн хааж, замын хоёр талаар явган зорчигчоор пиг дүүрсэн нь Улаанбаатар хотод ямар нэгэн “ЧП” болсон юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Яг энэ өдрүүдэд манай улсад Лаос улсын ерөнхийлөгч айлчлал хийж байгаа. Хуучин социалист системд байхад Монгол Лаосын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй сайн хөгжиж байжээ. Лаосын залуучууд монголын хөдөө аж ахуйн их сургуульд ч сурж, монголын эмч нар Лаос, Кампучи улсад хамгийн анхны эмнэлэгийг нь барьж байгуулж өгч байсан түүхтэй юм билээ. Харин 90-ээс оноос хойш Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байдалд оржээ. Лаосчууд монголчуудад тун элгэмсүү сайн ханддаг юм байна лээ. Ер нь л нэг үгээр хэлбэл жирийн Лаосчууд монголчуудын талаар маш эерэг сэтгэгдэл, бодолтой байдаг юм гэсэн. Ингээд лаосын төрийн тэргүүн нь монголд анх удаа зочилж байгаа нь энэ. За тэр ч яахав. Гадны зочин ирээ л биз. Ирсэн зочин буцаад л явна. Гэтэл энүүхэн хооронд замын хөдөлгөөнийг бүрэн саатуулж, жирийн иргэдийнхээ алт шиг үнэтэй, эргэж олдохгүй цагаас нь хумслахаа болимоор юм аа. Ер нь хэзээ гадаадын орнууд өөр орны төр засгийн өндөрлөгүүд ирэхээр замын хөдөлгөөнөө бүхэлд нь хааж байсан юм бэ? Би л лав ийм тохиолдол гарч байсныг сонсож байгаагүй юм байна. Гадаадын зочид ч гэлтгүй ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд нар гэрээсээ ажилдаа ирэх болгондоо замын хөдөлгөөнийг бүрэн зогсоолгож байгаад л явах юм аа. Үүнийгээ одоо болих хэрэгтэй ш дээ.

2 comments:

ershuu said...

yaag unen za ter gadaad humuusiig ni tegeed yavuulchihdag yum baij ter mongol heden darga nar ni yadaj zugeer yavaasai. ajil amjihgui boglorood yag buhimdaj yadaj baihad bur uur hurmeer...

MNED said...

Harin tiimee, Ogloo ajildaa yavah bolgondoo toriin ondorloguud l bitgii taaraldaasai gej zalbirdag bolson.