Нэг. Монгол хот
Хот гэдэг их айл гэж нэгэн яруу найрагч хэлжээ. Тун ч оновчтой хэлсэн байгаа биз. Айл бүхэнд бичигдээгүй “хууль” байдаг даа. Аавын суудал, аавын аяга гээд л бусад хүн хүрдэггүй, хэрэглэдэггүй эдлэл айл бүрд бий. Түүнтэй адил хотод ч бас дэг журам, нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ заавал гэж байж таарна. Манай улсад хотжих үйл явц эхэлээд удаагүй. Өвөг дээдэс маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан болохоор нүсэр том барилга байгууламж бариад байх шаардлага гараагүй байх л даа. Гол амин зуулга нь таван хошуу мал. Малд шимтэй бэлчээр хаана байна, тийшээ л гэрээ ачаад нүүдэг байсан ард түмэн юм чинь том байгууламжаар ч яах ч юм билээ. Зарим түүхчид Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь суурин соёл иргэншилтэй Хятад, Орос, Дундад Ази, Араб, Энэтхэгийг эзлэн түрэмгийлсэн гэж дүгнэлт хийсэн байсныг ном зохиолоос уншиж байлаа. Эх орныхоо түүх рүү эргээд харвал Монголчууд хэд хэдэн удаа хот байгуулж байжээ. Хамгийн анхны бөгөөд эртнийх нь Хар-Хорин. Энэ хот нэг хэсэг Монголын улс-төр, нийгэм, соёл, эдийн засгийн төв нь болж чадаж байлаа. Монголын эзэнт гүрэн задарахтай зэрэгцээд л нийслэл Хар-Хорин бас уруудаж, доройтож эхэлсэн байгаа юм. Хар-Хорин хотоос гадна Монголын түүхэнд тодорхойүүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн суурийн газар хот тэмдэглэгдэн үлджээ. Одоо бол тэдний ихэнхи нь газрын хөрснөөс ул мөргүй арчигдсан бол цөөн хэдийнх нь туурь, балгас үлдэж хоцорсон нь бий. Шарын шашин дэлгэрэх үед сүм хийд, дуган л суурин соёл иргэншилийн шинжийг агуулж байсан нь түүхээс тод харагддаг. 16-18-р зууны үед баригдсан Монголын сүм хийдүүдийн ихэнхийг нь гадныхан бүтээн босголцож байсан нь үнэн. 20-р зууны эхэн үед ч гэсэн Монголын хүн амын дийлэнхи нь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр байсан бөгөөд хүн амын маш өчүүхэн хэсэг нь л нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот оршин буй газар суурин байдлаар аж төрж байлаа.
Хоёр. Нэрэндээ дургүй нийслэл
Нийслэл хотынхоо түүхийн талаар бүгдээрээ л ойлголттой байдаг болохоор энд нуршаад дэмий биз. Гэхдээ Монголын нийслэл хамгийн олон удаа нэрээ сольж байсан түүхтэй. Үүгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Монголчууд нийслэлийнхээ нэрийг 13 удаа сольж байжээ. 1921-оноос Орос улсын дэмжлэг авч засгийн эрх барьсан коммунистууд нийслэл хотоо УЛААНБААТАР гэж нэрлэсэн түүхтэй юм билээ. Улаанбаатар гээд нэрнээсээ л “улаан коммунизм” ханхалж байгаа биз.
Гурав. Эсгий хот шавар хот болов.
Дэлхийн 2-р дайны дараа Монголд айлчилсан гадаадын нэгэн түшмэл Улаанбаатарыг эсгийн хот юм даа гэж хэлчихээд явчихжээ. Үүний дараа монголчууд эсгийн хотоо шавар хот болгох хөдөлгөөн эрчимтэй өрнүүлэв. Үүний үр дүнд Сүхбаатарын талбай цардмал замтай болж “40, 50 мянгат” хэмээх хороолол сүндэрлэсэн түүхтэй. Улаанбаатар хотод европ /орос загварын/ хороолол сүндэрлэх эхлэлээ ингэж тавьжээ. Соц нийгмийн үед гэр хорооллыг устгана гэдэг том лоозонг эрх баригчид дэвшүүлсэн боловч энэ зорилгодоо хүрээгүй. Гэхдээ орчин үеийн хотын хэв шинжийг Улаанбаатар ерөнхийдөө олсон. Одоо бидний өмнө хамраа сөхөөд байгаа япон солонгосчууд эдийн засгаа хөл дээр нь босгох гэж тэнтэр тунтар алхаж, модон гэж хэлж болохоор оромжинд хоног төөрүүлж байхад Улаанбаатар хот аж үйлдвэрийн комбинат, дөч, тавн мянгатын орон сууцны хороолол, төв цэнгэлдэх хүрээлэнтэй болчихсон байлаа.
Дөрөв.80-аад оны Улаанбаатар
Улаанбаатарчууд 80-аад оны үеэр 3,4-р хороололтой болчихсон 1-р хороололын суурийг нь тавиад завгүй хөдөлмөрлөж байв. Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина гэж гадныхан магтаад л... Манайхан үүнд нь урамшаад л... 80-аад оны дунд үе гэхэд Монгол улсад барилгийн салбар аль хэдийнэ байр сууриа олчихсон байлаа. Архитекторууд нь бүгд Орост сургууь дүүргэсэн болохоор орос загварын хороолол Улаанбаатарт сүндэрлэх нь аргагүй. Гэр хорооллыг устгах төлөвлөгөө нь хэвээрээ. Гэхдээ нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байсаар 90 онтой золгожээ. Гэр хороололыг устгаж чадсангүй.
Тав. Миний мэдэх Улаанбаатар
90 гараад монголчуудын амьдралд асар том эргэлт гарлаа. Эхэндээ орой бусгай энэ цагт яах учраа ч олохгүй сууцгааж байв. Өмнө нь бодож, мөрөөдөж, зорьж байсан бүхэн нь нэг л өдөр хумхын тоос болчих нь тэр. Ганзагын наймааны алтан үед монголд барилгын салбар уналтад оржээ. Улаанбаатарт ганц шинэ барилга ашиглалтад ороогүй жил ч бий. Харин 2000 оноос энэ салбар сэргэж байгаа нь та бидний нүдний өмнө илт харагдаж байгаа. Улаанбаатарын хаа саагүй л байшин сав баригдаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд газрын маргаан, газрын дуудлага худалдаа гэх зэрэг шинэ ойлголт, нэр томъёо монголчуудын үгийн санд орж ирэв. Бид оршин суугаа газрынхоо ойр орчимд байшин сав бариулахгүй гэж дүвчигнэж байгаад барилгын компани, газар эзэмшигчээс нь баахан мөнгө салгадаг арга ч бий болов. Одоо ч гэсэн Улаанбаатарын хаа нэгтээ газрын маргаан хэрүүл тэмцэл хэл ам болж байгаа гэж мөрийцөх юм бол алдах юмгүй. Соц нийгмийн үед барилга хот байгуулалт хэмээх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баригдсан орон сууцны хорооллынхоо өнгө төрхийг эвдэж бусниулаад жаахан сул газар нь байшин сууц барих болов. 2000 оноос хойш Улаанбаатар хот тэлсэнгүй. Харин жаахан газар олон байшин шахаж бариад хот бөөгнөрч, шамбааралдсан гэж хэлж болно. Бас орон сууцны нэгдүгээр давхарын тагт цонхыг нь хаалга болгодог, байшингийн хана дагуу залгаж амбаар барьдаг моод борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Замбараагүй байшин Улаанбаатарт нэмэгдэхтэй зэрэгцээд хар утаа баагиулсан гэр хороолол ч бас хүрээгээ тэлж амжсан. Ингээд өвөл болохоор Улаанбаатар маань Утаанбаатар, хавар намартаа Униарбаатар болж хувирч байгаа юм даа. Миний мэдэх Улаанбаатар нэг иймэрхүү.
Зургаа. Би нийслэл хүү
Би жинхэнэ нийслэл хүү. Зарим хүмүүс хотод төрсөн юм байж хөдөөний өлчир хүн болох гэж оролдох нь надад инээдтэй санагддаг. Улаанбаатарын 1, эсвэл 2-р төрөх эмнэлэгт мэндэлчихээд би тэр аймгийн энэ сумынх гээд нүүр нь улайхгүй намтартаа бичих нь их гайхмаар сонин үзэгдэл. Би бол Улаанбаатарын уугуул. Төрсөн газар гэх юм бол Энх тайвны өргөн чөлөө -1-р төрөх эмнэлэг. Балчир нас, өсвөр нас маань Улаанбаатартаа л өнгөрсөн. Хөдөө орон нутагт хамаатан садан ч байхгүй гэж хэлж болно. Хөдөөний амьдрал маруухан мэднэ. Жинхэнэ хотын жаал байгаа биз.
Долоо. Хотын соёл
Монгол улсад европ загварын орон сууцыг 1950-оноос эхэлж барьж байгуулсан. Яг тэр үеэс л Монголд хотжих үйл явц эхэлсэн гэж хэлэх нь зүйтэй. Одоо хотод төрж өссөн хүмүүсийн гурав дахь үе нь төрж байгаа. Гэсэн ч хотын соёлыг монголчууд эзэмшээгүй байна даа гэж надад бодогддог. Улаанбаатарт яваа таван хүн тутмын 4 нь гудамж талбай, хаа тааралдсан газраа нус цэрээ нийж, шүлсээ хаях юм. Ой гутмаар. За тэгээд бас 3 хүн тутмын нэг нь байшин хашаа, мод бутны доор шээгээд зогсож байх юм. Арай л хүндээр бие засах нь холгүй. Хэн мэдэхэв... Зарим нэг нь гудамж талбайд явж байхдаа хүндээр бие засдаг ч юм билүү?Хүн шүлсээ хаяхад 25м куб агаарт уг шүлс ууршдаг байна. Энэ нь агаарт урвалд орж исэлдэхдээ наад захын ханиаднаас эхлээд халдварт өвчин үүсгэгч болж хувирдаг. Ингээд бодохоор гудамж талбайн булан тохойд байгаа хүний ялгадас бидний эрүүл мэндэд эргээд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Идсэн чихэр, татсан тамхиний иш, үнсээ чөлөөтэй хаяна даа. Улаанбаатарын гудамжаар нэг их ганган хээнцэр хүмүүс бөөн хог шороон дотор л таваргаж өгнө дөө. Хотын соёлыг бид хэзээ сурах вэ? Хэрвээ хүмүүс компьютертэй адилхан байсан бол “хог хаяхгүй байх”, “гудамжинд шүлс нусаа хаяхгүй байх”, “ил задгай газар морио харахгүй байх” гэх зэрэг программ зохиогоод тархинд нь суулгачих юм сан.
5 comments:
chamruu yaj email yavuulah be ?
asuuh yum baina?
yerunhii comment> tehhh.
Aaviin ayaganii tuhai tersluu ug: aav ch bas minii ayagand hureh erh medelgui
Hotshih tuhaid; (bas l) tehhh, manaihan hotshih boloogui bna oo, bi uuruu huduu turj ussun huun, hot huduugiinhnii yalgaag denduu sain medne, hotshij amjaagui hotiinhond huduugiinhnuus yalgarah
chanaruud mah tsusand ni shingesen baidag, gevch hotiinhon gehed gologdmoor, hotshih boloogui gemeer zuil buur ih haragddag daa.
Hotod tursun geheer 'Deer ued hureend hyataduud goltsuu baisiin, bi bol chamaig hyatadiin erliiz yum baina gej bodloo' gej neg nuhur helsen shuu.
Yamar eruul saruul uhaan yum buu med. Zarim n iim comment-s zails hiideg baih.
Hotod torson hun buhniig china tsus holildson gej helj bolohgui baih l daa. Tsatsral egch bas UB-d l torson biz dee. Yagaav, olgiitei baihdaa toroh emnelegiin oron deer zeregtseed l hevtej baisan sh dee? gej haduurav./
Post a Comment