Маргаашнаас эхлээд хэд хоног жаахан завгүй болох шинжтэй. Монголоос ирэх нэг компаний захирал ахад хэлмэрч нь болж Оросын хэд хэдэн компаниар орох ажилтай болчихлоо. Маргааш хар өглөө аэропорт Шереметьево-2 оросноор миний ажил эхэлнэ. Оросын АЭРОФЛОТ-ын онгоцоор ирэх юм байна. Дэлхийд хамгийн найдваргүй иргэний агаарын компани бол АЭРОФЛОТ. Ер нь оросын авиа компаниудын онгоцоор нисээд явж байхад үнэн түгшүүртэй. Хэзээ язаагүй хэсэг хэсгээрээ салаад унах гэж байгаа юм шиг дэрчигнээд, чичиргээ мэдрэгдээд. Бас тэгээд цагийн хуваарь зөрчихдөө гарамгай. Онгоц яагаад саатаад байгаа тухай зорчигчиддоо хэлэхгүй таг чиг болчихно. 2006 оны 10 сарын эхээр миний нэг танил Москвад нэг хоног саатахаар ирсэн юм. Нөгөө алдартай АЭРОФЛОТ-ыг сонгочихсон байгаа юм даа. Би онгоц тосох учраас өмнөх өдөр нь их эрт унтаад, өглөө нь хар үүрээр босоод нисэх буудал руу харайлгав. Онгоц өглөө 10 цагт буух ёстой байтал ирдэггүй ээ. Шереметьево-2 дээр надаас гадна Төмөр замын сургуулийн хоёр монгол оюутан хүн тосох гээд хүлээж байв. Өөр монгол хүн ч алга. Манай МИАТ-ын онгоц ирэх, буцах үед монголчууд хөлхөөд сэтгэл ч өёг байдаг сан. Нисэхийн лавлахаас Улаанбаатараас ирэх онгоц яагаад саатав гэж асуусан чинь мэдэхгүй гэдэг байгаа. Нисэхийн лавлах нь онгоц яагаад саатсаныг мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм бэ? (Бухимдав.) Жаахан байжийгаад дахиад асуусан чинь нисэх буудлын орчимд манатай байгаа тул УБ-аас ирэх онгоцыг Ярославь хотод буулгасан гэдэг байгаа. Дотор пал гээл явчихав. Москвагаас 400 км зайтай хотод онгоцыг буулгачихсан байгаа юм даа. Гэтэл энэ хооронд Нью-Йорк, Даллас, Будапешт, Франкфурт, Каир, Стамбулаас ирж байгаа онгоцнууд зүгээр л газардаад зорчигчид нь гарч ирээд л байх юм. Яадаж байхад би тэвчээр муутай хүн юм уу УБ-аас ирэх онгоц Ярославь хотоос хэзээ ирэх гэж байна гэж дахиад асуусан чинь лавлахын ажилтан нь би яаж мэддэг юм бэ гэж аашилдаг байгаа. За энэ ч яахав. Нисэх буудлын энэ тэрүүгээр баахан холхиж, дэлгүүр, кафе эргүүлээд өөрийгөө жаахан саатуулав. Өглөө эрт ирэх ёстой байсан УБ-МОСКВА-гийн онгоц үдээс хойш 15 цагт Шереметьево-2 нисэх буудалд залардаг байгаа. Ингэж бүтэн өдөржин шахуу нисэх буудал дээр өнжиж билээ. Тэр АЭРОФЛОТ-ын онгоцоор “MN-Өнөөдөр” сонины нэг сэтгүүлч явж байсан юм билээ. Үүнээс 7 хоногийн дараа тэр сэтгүүлч эгч Улаанбаатарт ирсэн хойноо “Аргагүй хийсэн сонголт буюу АЭРОФЛОТ” нэртэй нийтлэл бичиж “MN-Өнөөдөр” сонин дээрээ хэвлүүлсэн байхыг www.mongolnews.mn -ээс олж уншиж байсан юм. АЭРОФЛОТ-ыг ч ёстой бут ниргэсэн “сайхан” нийтлэл байж билээ. Тэр нийтлэлд онгоц хоцорсоноос болж олон хүний төлөвлөгөөг нурсан. Тэр өдөртөө өөр тийшээ нисэх тийзтэй байсан хүмүүс онгоцноосоо хоцорч нэлээн бухимдсан тухай бичсэн байна лээ. За би ч бас энэ бичлэгээрээ тухайн үед хуримтлагдсан бухимдалаа тайлав. Маргааш Улаанбаатараас ирэх АЭРОФЛОТ-ын онгоц цагтаа ирээсэй гэж залбираад л өнөө орой унтахаас даа.
2007-04-24
ОРОС ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАВ
Өчигдөр Москвагийн цагаар 17 цагт, УБ цагаар 21 цагийн орчимд ОХУ-ын анхны ерөнхийлагч Борис Николаевич Ельцин зүрхний дутагдал өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өчигдөр оройжингоо талийгаачын тухай мэдээллийн хөтөлбөрөөр гарлаа. 90-ээд оны эхээр Орос оронд иргэний дайн гарахаас сэргийлж чадсан хүн гэж олон хүн үнэлдэг боловч улс орноо удирдахдаа тун маруухан байсан гэдэг юм билээ. Түүнийг одоогийн ерөнхийлөгч Путин шиг эрч хүчтэй хүн биш гэж олон хүн шүүмжилдэг. Борис Ельцин яг шинэ жилийн өмнөхөн албан тушаалаасаа сайн дураараа огцорч Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болж байсан юм. Тэр жил /лаг дурсаж санав/ Путин ард түмэндээ шинэ оны мэнд хүргэж байлаа. Борис Ельцин бор дарсанд нэлээн дуртай байсан гэж Оросын сонин хэвлэлээр цөөнгүй бичлэг байлаа. Төрийн дээд хэмжээний хүлээн авалт, хэлэлцээрийн үед мань хүн “улаан зээрд” болчихсон сууж байсан гэдэг. 4 сарын 25 /маргааш/ Орос орон даяар гашуудал зарлаж Төрийн далбааг бөхийлгөж, цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлэг, олон нийтийн цэнгүүнийг хойшлуулах болсон тухай ТВ мэдээгээр мэдээллээ. За за Борис Николаевич Ельцин ямар байсан Оросын түүхэнд нэрээ үлдээсэн хүн. Бурханы орондоо амгалан нойрс доо.
NEWS
АНУ-ын Вашингтон мужын амбан захирагч Крис Грегуар (Chris Gregoire) өнгөрсөн бямба гаригт ижил хүйстэнүүдийн хамтран амьдрах тухай хуулинд гарын үсэг зурсан байна. Энэ хуулийн дагуу хосууд хамтран амьдрагч гэдгээ зохих байгуулагад батлуулахын тулд хамгийн наад зах нь 1,5 жил хамт амьдарсан байх ёстой гэнэ. Ингэхдээ тэдний хэн нэгэн нь гурав дагч этгээдтэй дотны харьцаа үүсгээгүй байх ёстой ажээ. Хамтран амьдрагчид ингэснээр өв залгамжлах гэх мэт маш олон эрх эдлэх боломжтой болж байна. Амбан захирагч Крис Грегуарыг энэ хуулинд гарын үсэг зурах үед ЛГБТ хөдөлгөөний идэвхитэнүүд байлцжээ.
Шинээр батлагдсан хуултйн дагуу гетеросекс бэлгийн чиг баримжаатай хүмүүс ч бас хамтран амьдрах эрхтэй болж байгаа юм. Амбан захирагч энэ хуулинд гарын үсэг зурахаас өмнө мужын сенат уг хуулийн төслийг хэлэлцжээ. Хууль тогтоогчид энэ хуулийг батлахад нэг лесби бүсгүйн түүх онцгой нөлөө үзүүлжээ. Түүний хамтран амьдрагч нь 5 сарын өмнө үерийн гамшигт өртөж эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр хайртай бүсгүйгээ эмнэлэгт байхад нь хажууд нь байж чадаагүй байна. учир нь ийм хууль эрх зүйн акт байгаагүй тул эмч нар түүнийг эмнэлэгт оруулаагүй гэнэ. Потны хүнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлэх мөчид дэргэд нь байж чадаагүйдээ одоо ч харамсдаг гэж тэр эмэгтэй хэлжээ. Тэд хамтдаа 10 жил амьдарсан байна. гэвч хууль эрх зүйн акт батлагдаагүй байсан тул тэднийг хамаатан гэж үзэхгүй байснаас ийм явдал болжээ.
Gay.Ru/Lesbi.Ru
Шинээр батлагдсан хуултйн дагуу гетеросекс бэлгийн чиг баримжаатай хүмүүс ч бас хамтран амьдрах эрхтэй болж байгаа юм. Амбан захирагч энэ хуулинд гарын үсэг зурахаас өмнө мужын сенат уг хуулийн төслийг хэлэлцжээ. Хууль тогтоогчид энэ хуулийг батлахад нэг лесби бүсгүйн түүх онцгой нөлөө үзүүлжээ. Түүний хамтран амьдрагч нь 5 сарын өмнө үерийн гамшигт өртөж эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр хайртай бүсгүйгээ эмнэлэгт байхад нь хажууд нь байж чадаагүй байна. учир нь ийм хууль эрх зүйн акт байгаагүй тул эмч нар түүнийг эмнэлэгт оруулаагүй гэнэ. Потны хүнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлэх мөчид дэргэд нь байж чадаагүйдээ одоо ч харамсдаг гэж тэр эмэгтэй хэлжээ. Тэд хамтдаа 10 жил амьдарсан байна. гэвч хууль эрх зүйн акт батлагдаагүй байсан тул тэднийг хамаатан гэж үзэхгүй байснаас ийм явдал болжээ.
Gay.Ru/Lesbi.Ru
HELLO
“Таймс” сонины сэтгүүлчид эрчүүд хэдэн янзаар мэндчилдэгийг тоолжээ. Орчин үеийн жентельмэнүүд хэрхэн мэндчих юм бол илүү тохиромжтой вэ гэдэг асуудлыг хөндсөнөөр бүх зүйл эхэлсэн байна. Мэндчилгээний хамгийн сонгодог хэлбэр нь гар барилт. Эрт дээр цагт гар барих нь надад зэр зэвсэг байхгүй гэсэн утга санааг илэрхийлдэг байжээ. Хэрэв танил тань улзахдаа гараа түрүүлж сунгаж байвал таныг хүндэтгэж байгаагийн илрэл гэнэ. Удаан уулзаагүй дотны найзууд мэндчилэхдээ гар бариад зогсохгүй тэврэлддэг. Эрчүүдийн хамгийн ховорхон мэндчилгээний хэлбэр нь үнэсэлт гэнэ. Лалын шашинтан эрчүүд уулзахдаа бие биенээ харилцан үнэсдэг. Харин европ болон азийн орнуудад ингэх нь өдрийн од шиг ховор. Сэтгэл судлаачидын үзэж байгаагаар европ, ази эрчүүд үнэсэлцэж мэндчилэхээс аль болох зайлхийдэг. ЛГБТ-г хуулиар хориглож байсан Социалист дэглэмтэй байсан орнуудын удирдагчид албан ёсны уулзалт, төрийн өндөр дээд хэмжээний ёслолын үеэр үнэсэлцдэг заншилтай байв. ЗХУ-ын төрийн тэргүүн нараас Брежнев хамгийн үнэсэлцэх дуртай байжээ. Гадаадын орны төрийн тэргүүнийг Брежнев хүлээн авахдаа тас тэврээд үнэсэж байгаа дүр төрх баримтат кино, гэрэл зурганд мөнхрөн үлджээ.
KVIR сэтгүүлээс
KVIR сэтгүүлээс
2007-04-20
LOVE GENERATION & ITAZURA NA KISS
Цагаанаагтийн блогноос UBS TV-ээр японы Дурлах нас сериалыг давтаж үзүүлсэн тухай уншаад киноны гол дүрийн хоёрын зургийг блогтоо тавимаар санагдав. 10 жилд байхад хайр дурлалын сэдэвтэй Японы олон ангит киног зурагтаар их гаргадаг байж билээ. Tokyo love story, Long Vacation, Itazura na Kiss гээд л зөндөө гоё кино гарч байсан санагдаж байна.
Жаргал даадаггүй, зовлон даадаг
Цэдэнбал даргын тухай номны эхний ботийг нь уншиж дуусгав. Цэдэнбал, Филатова нарын амьдралын сүүлчийн хэдэн жил үнэхээр эмгэнэлтэй байжээ гэдгийг мэдэж авлаа. Төрийн тэргүүн байсан хүний хувь заяа ингэж эргэнэ гэдэг зүүд зэрэглээ юм шиг санагдав. Гэхдээ хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэж үнэн юм аа. Ямар ч хэцүү бэрхшээлийг сөрөх сэтгэлийн тэнхээ хүн гэдэг амьтанд байдаг юм байна. Энэ номын 2-х боть нь албан ёсны протокол, албан бичиг баримт, захианы эмхэтгэл юм байна. Тиймээс тийм ч сонирхол татсангүй ээ. Олоод уншихад дажгүй ном юм аа.
2007-04-17
Цэдэнбал түүний цаг үе. Дурлал, Эрх мэдэл, Эмгэнэл
Манай сургуулийн номын санд 60 гаран насны нэг орос эмээ ажилладаг юм. 60 настай гэхэд үнэн ануухан. Их дэгжин хувцаслана, биеэ гоё авч явдаг эмээ. Хэхэ. 60 гарсан монгол эмээ нар лав ийм байж чаддагүй байхаа. 4 сарын эхээр сургуулийн номын санд хичээлээ хийхээр ортол нөгөө эмээ намайг хараад: Чи монголоос эргээд ирсэн үү? Гэрийнхэн чинь сайн уу? (Манай гэрийнхэнийг таньдаг юм шиг хэ хэ.) Сайхан амарсан уу гээд л сүйд болдог юм байна. Гэхдээ оросууд нэг сайн хүндээ их сайн ханддаг болохоор энэ мэтийн юм асууж байгаа нь хэвийн үзэгдэл. За энэ ч яахав. Тэгсэн дараа нь дахиад номын сангаар ортол нөгөө эмээ: Манай багын найз нөхөртэйгээ 20 гаран жил монголд амьдарсан юм. Нөхөр Леонид Шинкарев нь “Известия” соинны Улаанбаатар дахь байнгийн сурвалжлагчаар томилогдож Монголд очсон юм. Танай Монголын ерөнхий сайд байсан Цэдэнбалын гэр бүлтэй дотно танил байсан гэнэ лээ. Түүний гэрийн хувийн архивт нь Монголын тухай их олон материал хадгалагдаж байгаа. Саяхан тэр Монголын тухай 2 боть ном бичсэн. Чи сонирхоод уншаарай гэж хэлээд надад 2 ширхэг зузаан ном үзүүлэв. Харсан чинь “Цеденбал и его время. Любовь, Власть, Трагедия” /Цэдэнбал түүний цаг үе. Дурлал, Эрх мэдэл, Эмгэнэл/ нэртэй орос хэлээр 2006 онд Москвад хэвлэгдсэн ном байна. Энэ номыг Монголд “Их дэлгүүрт” зарагдаж байхыг нь өнгөрсөн жил харсан юм. Авах хүсэл төрж байсан ч тухайн үед яагаад ч юм бэ? Би худалдаж аваагүй. Чи энэ 2 боть номыг 200 рублиэр аваач гэж гуйв. Эмээ ч надад ном шахаад байна даа гэх бодол төрсөн боловч гоё ном байх гэж бодоод авчихлаа. Улсын шалгалтаа өгсний дараа онц чухал ажил байхгүй байсан болохоор шинэ номоо уншиж суув. Номын 1-р ботийг нь одоо бараг уншаад дуусгах гэж байна. Уншаад байхад Монголын 20-р зууны түүх бараг тэр чигээрээ дурайж байна. Ю.Цэдэнбал, орос эхнэр Анастасия Ивановна Филатова нарын удам угсаа, тэдний хүүхэд нас, оюутан ахуй үе, хэрхэн танилцсан гээд л бүгдийг нь дэлгэрэнгүй бичжээ. Монголын түүхийн хамгийн эмзэг хэсэг “Хэлмэгдүүлэлтийн тухай” монголын түүхийн номон дээр огт байдаггүй аймаар баримтууд хүртэл энэ номонд дэлгээстэй. Бас Монгол Зөвлөлтийн харилцааны үеийн хамгийн чухал мөчүүд, Цэдэнбал Филатова хоёрын улс төрийн үйл хэрэг... Одоо ном бичих шиг амархан юм байхгүй. Мөнгөтэй л бол хэн ч ном гаргадаг болсон цаг. Тийм болохоор зөвхөн сайн ном л сонгож унших хэрэгтэй гэдэг үгийг надад хэн ч билээ, нэг хүн хэлж байсан юм. Энэ номыг аваад уншсандаа огт харамссангүй.
Номын сонирхолтой санагдсан зарим нэг хэсгээс нь энд бичихээр шийдлээ.
Номын сонирхолтой санагдсан зарим нэг хэсгээс нь энд бичихээр шийдлээ.
... Оюутан Цэдэнбалд оросууд эртнээс анхаарал тавьдаг байжээ. Иркутск хотод сурч байхад нь дотуур байранд тэр ганцаараа нэг өрөө эзэгнэж амьдарч байв. Харин бусад оюутанууд нэг өрөөнд тавуулаа амьдарна. Монгол оюутан Ширэндэв Цэдэнбалын өрөөнд байнга орж ирж буу хална. Ширэндэв нэг өрөөнд тавуулаа амьдрах нь хэцүү байна гэж зовлонгоо тоочно...
... Цэдэнбал Ширэндэв нар дотны найзууд. Тэд хамт байхдаа Монгол орныг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй тухай төлөвлгөө шахуу юм зохиож ярилцана. Бас заавал Орос охинтой гэрлэнэ гэж ярьдаг байжээ...
...1941 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо Дундад Азийн орнуудын адил крилл цагаан толгойг албан ёсоор хэрэглэх шийдвэр гаргажээ. Монгол хэлэнд зохицох крилл цагаан толгой зохиох ажлыг Ц.Дамдинсүрэнд даалгажээ. Даалгавар ойлгомжтой юу гэж Цэдэнбал Дамдинсүрэнгээс асуув. Дамдинсүрэн ойлгомжтой гэж хэлээд гэхдээ латин үсэг нь илүү шүү дээ гэв. Энэ асуудал аль эрт шийдэгдсэн. Эргэлт буцалтгүй гэж Цэдэнбал түүнд хариулжээ. Эрдэмтэн Дамдинсүрэн крилл цагаан толгойд шилжих асуудалд гүн ухааны үүднээс ханджээ. Дунд сургуульд хүн бүрт орос хэл зааж байгаа. Хоёр өөр цагаан толгой зааж байснаас ганц цагаан толгой байсан нь дээр. Орос цагаан толгойн олон үсэг монгол хэлэнд огт хэрэггүй байснаас гадна бүр “ө”, “ү” авианд тохирсон үсэг шаардагдаж байв. Монгол болон англи хэлэнд яг бичсэн үсгийн дагуу уншдагүй. Крилл үсэг хэрэглэсэнээр аман яриа, бичгийн хэлийг хооронд нь ойртуулжээ.Сарын дараа Цэдэнбал Дамдинсүрэнг дуудав. Цэдэнбалын хажууд Чойбалсан, Оросын дипломатч Приходов, Сидоров нар сууж байв. Дамдинсүрэн өөрийн зохиосон цагаан толгойгоо нэг бүрчлэн тайлбарлаж ярив. Чойбалсан, Цэдэнбал хоёр сэтгэл хангалуун байлаа. Харин оросууд “Зөөлний тэмдэг хаачив” гэж бухимдав. Хэл зүйн үүднээс монгол хэлэнд “ь” хэрэггүй гэдгийг Дамдинсүрэн тайлбарлах гэж оролдов. Гэтэл “хони”, “мори” гэж бичиж яах юм гэж оросын дипломатууд уурлав. “Хонь”, “Морь” гэж бичих нь дээр гэж Оросууд зүтгэв. Дамдинсүрэнд хэлэх үг олдсонгүй. Тэр найдвар хүссэн харцаар удирдагчид руугаа харав.Яг энэ мөчид Дамдинсүрэн Чойбалсан, Цэдэнбал нар бие биенээ сайн ойлголцож байлаа. “Тэдний хэлснээр л бүгдийг хий” гэж хэлээд Чойбалсан, Цэдэнбал нар Дамдинсүрэнгийн өмнө газар ширтжээ...
За ингээд бичээд байвал энэ номонд миний огт урьд нь дуулж байгаагүй сонин баримтууд дүүрэн байна аа. За за. Одоо гэртээ харьж номоо унших минь.
Атом молекул
Манай сургуулийн монголчуудын ихэнхи нь 4 сард төрсөн юм байна. 4 сар гарсанаас хойш хэдэн ч оюутаны төрсөн өдөрт уригдчив даа? Тоогоо алдсан. Хоёр гурван өдөр өнжөөд л нэгнийх нь төрсөн өдөр. Бэлэг, бялуу, дуу хуур.
Өнгөрсөн амралтын өдөр ээлжит төрсөн өдөрт уригдав. Баахан монголчуудтайгаа бужигнав. Баяр дуусаад бид гэр гэрийн зүг таваргах гэж завдтал нэг нь хэдүүлээ жаахан тоглоё гэдэг байгаа. Юун тоглоом энэ тэр нүд орой дээрээ гарах шахав. Яаж тоглох юм бэ гэж асуусан чинь “Атом молекул” гэдэг байгаа. Атом молекул тараад гэж тушаал сонсоо л . Тэгснээ атом молекул хоёроороо, гурваараа, тавуулаа гэдэг тушаал хэлэнгүүт л бушуухан хэн нэгэнтэй тас тэврэлдээд л... Хос болж амжаагүй азгүй гарууд нь тоглоомноос хасагдаад л... Яг хүүхэд насандаа эргээд ирсэн юм шиг гоё байлаа. Бодож санах юмгүй тоглоод л... Атом молекулууд хос хосоороо гэмэгц хажуудаа байгаа хэнийг ч хамаагүй тас зуурч тэвэрч зогсоо л... Азгүй нэг нь хосоороо болсон хүмүүсийн дундуур орж нэгийг нь жийх гэж зүтгээ л. Хөндлөнгөөс харвал үнэн инээдтэй. Тэр өдөр элэгээ хөштөл инээв.
Өнгөрсөн амралтын өдөр ээлжит төрсөн өдөрт уригдав. Баахан монголчуудтайгаа бужигнав. Баяр дуусаад бид гэр гэрийн зүг таваргах гэж завдтал нэг нь хэдүүлээ жаахан тоглоё гэдэг байгаа. Юун тоглоом энэ тэр нүд орой дээрээ гарах шахав. Яаж тоглох юм бэ гэж асуусан чинь “Атом молекул” гэдэг байгаа. Атом молекул тараад гэж тушаал сонсоо л . Тэгснээ атом молекул хоёроороо, гурваараа, тавуулаа гэдэг тушаал хэлэнгүүт л бушуухан хэн нэгэнтэй тас тэврэлдээд л... Хос болж амжаагүй азгүй гарууд нь тоглоомноос хасагдаад л... Яг хүүхэд насандаа эргээд ирсэн юм шиг гоё байлаа. Бодож санах юмгүй тоглоод л... Атом молекулууд хос хосоороо гэмэгц хажуудаа байгаа хэнийг ч хамаагүй тас зуурч тэвэрч зогсоо л... Азгүй нэг нь хосоороо болсон хүмүүсийн дундуур орж нэгийг нь жийх гэж зүтгээ л. Хөндлөнгөөс харвал үнэн инээдтэй. Тэр өдөр элэгээ хөштөл инээв.
ДНЕСТРИЙН СОЛОНГО
Молдавын Кишинев хотын засаг захиргааныхан “Жендер Док-М” мэдээллийн төвийн гаргасан ЛГБТ парад зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. “Жендер Док М” сүүлийн 3 жилийн турш “Днестрийн солонго” нэртэй парадыг зохион байгуулахаар оролдож байгаа юм. Энэ жил 4 сарын 27-нд Үндэсний дуурь, балетийн театрын өмнөх цэцэрлэгт парад зохион байгуулахаар төлөвлөж байжээ. энэ парад нь тус улсын иргэдэд хүмүүсийн тэгш эрхийн талаар зөв мэдээлэл өгнө гэж“Жендер Док –М” байгуулага мэдэгдсэн боловч хотын зөвлөл уг үндэслэлийг хангалтгүй гэж үзэж байна. Молдавын иргэн бүр үндсэн хуулиар олгосон жагсаал цуглаан хийх эрхээ эдлэж чадахгүй байгаа юм байна. Хотын засаг захиргаа зөвшөөрөл олгохгүй байсан ч ЛГБТ парадыг Кишинев хотод хийх гэж байна. Парадын үеэр “Гомосексуальность ба шашин” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болно. Үүнээс гадна хөлбөмбөгийн тэмцээн, театрын жүжигчилсэн тоглолт, шоу болох юм байна. Уг үйл ажиллагаанд Швед, Голланд, Бельги, Итали,Изриаль, Румын, Орос, Украин, Азарбайжана, Армен зэрэг дэлхийн 20 орчим орноос төлөөлөгч оролцох юм байна.
Таллин хотоос
Энэ оны 8-р сард Эстоний Таллин хотод ЛГБТ соёлын 4-р фестиваль болох гэж байна. Уг фестивалийн албан ёсны хөтөлбөр батлагдаагүй боловч уран сайхны кино, спортын уралдаан тэмцээн, концерт, үзэсгэлэн болох юм байна. Таллин хотод 4 дэхь удаагаа болох гэж байгаа энэ фестиваль “Бүгд өөр ч бүгдээрээ тэгш эрхтэй” нэрийн доор явагдах гэж байна. 2007 оны 8 сарын 10-нд уг фестиваль гудамжны жагсаалаар өндөрлөнө. Өнгөрсөн жилүүдэд бид Эстоний нийгмийн нэг хэсэг гэдгээ зарлан тунхагласан бол энэ удаа эрх баригчидаас ижил хүйсийн хосуудын гэрлэлтийг зөвшөөрөх хууль батлахыг шаардах болно гэж фестивалийн зохион байгуулагчид нь мэдэгдэж байна.
2007-04-12
Өнөөдөр миний баярын өдөр
Өнөөдөр айдагаа ардаа орхив. "Улсын шалгалт" өгөв. Онц авлаа. Нийт шалгалтын 100 асуулт байлаа. Нэг билет нь 5 асуултнаас бүрдэнэ. Ямар асуулт нь надад таарах бол гэж өчигдөр оройжин бодож билээ. Шалгалт авч байгаа ангид яваад ортол 6 багш сууж байна. Аймаар зузаан нүдний шилтэй доктор, профессрууд...
Ширээ рvvж дөхөж очоод хамгийн түрүүнд нүдэнд туссан билетийг аваад эргүүлээд харлаа. 12-р билет. Би ч шалгалтын одтой, азтай хүн юм аа. Ашгүй уншиж байсан, мэддэг 4 асуулт байна. Нэг асуултын хариуг харин ч мэдэхгүй юм байна аа. Мэддэг 4 асуултандаа хариулж байтал намайг "байцааж" байсан багш за за болно доо. Одоо дипломоо сайн хамгаалаарай. Желаю успехов гэхээр нь л урт амьсгаа авлаа.Сая шалгалтаа өгчихөөд ямар их баярлав аа. Нуруун дээр байсан том ачааг аваад хаячихсан юм шиг л болж байна.
2007-04-09
Чемоданы баяр
Friday. Оройн хоолоо бэлдээд сууж байтал хэдэн монгол оюутан манайд хүрээд ирлээ. Манай сургуульд 50 орчим монгол сурдаг юм. Ойрд уулзаагүй болохоор хавийн хамаг сонин хачиныг тэднээс дуулав. Манай монгол оюутнууд шинэ жилээс хойш сургуулийн кампусын эргэн тойронд болсон бүх үйл явдлыг дэлгэрэнгүйгээр нь мэдээлж байна. /Яг information agency шиг хэхэ/ Хамт хооллоод чемоданы юмаа задлав. Хэдэн ч “Чингис” –ийн ард гарчив даа? Дараа нь шар айраг руу ч орж байх шиг. Сургуулийн сонин хачин ярьж эхэлсэн гарууд сүүлдээ кино ший, жүжиг охид хүүхэн хүртэл ярьж гарав. Нэг мэдсэн чинь ярианы сэдэв “манай ангийнханы” тухай болчихсон явж байна аа. Сүүлдээ нэг оюутан залуу /нэрийг нь бичээд яахав дээ/ архиний халуундаа юу? ярианы халуундаа юу? Би 7-р ангийн пацан байхдаа...гээд л ярьж гарав.
Ийм нэг баасан гариг болж өнгөрлөө 2007-04-06
Ийм нэг баасан гариг болж өнгөрлөө 2007-04-06
Театр хогийн сав гэж vv?
Нэг үеэ бодвол монголчууд урлагийн үнэ цэнийг ойлгодог болжээ. 90-ээд оны дундуур хошин шогийн тоглолтоос өөр үзэх юм байсангүй. Жинхэнэ урлагийн уурхай болсон Драмын, Дуурь бүжгийн гээд Монголын урдаа баридаг театрууд үзэгчгүй болж жүжигчид нь наймаанд явж байв. Харин одоо 90-ээд оны үеийн хар өдрүүд ард хоцорч. Монголчууд театрт очиж байна. Хошин шогийн тоглолт нэртэй болхи агуулагатай утга учиргүй марзагналыг бус сонгодог урлагийг монголчууд сонгож байна. 2007 он гарсаар лав Монголын театруудын тайзнаа тавигдсан тоглолт, үзвэрийг харах юм бол ихэнхи нь сонгодог урлагийн бүтээлүүд байна. “Хунт нуур” бүжгэн жүжигээс эхлээд Мастер Маргарита хоёр хүртэл дэлхийн сонгодог бүтээлүүд тавигджээ. Драмын театрт хэд хэдэн шинэ жүжиг тавигдсан юм байна. Дуучин Долгор ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тайлагаа тавихдаа 25 мянгаар тасалбараа үнэлж байлаа. Гэхдээ тасалбар нь хоромхон зуур тараад алга болсон. Театр үзэгчтэй болсон нь сайн хэрэг. Гэвч үзэгчид театрт ороод хэрхэн биеэ авч явахаа мэддэггүй бололтой. Тайзанд дээр тоглогдож байгаа үйл явдлыг харж, жүжгийн “амтанд” нь ороод сууж байтал хаа нэгтээ хэн нэгэний гар утас цочтол хангинав. Утсаа хурдхан унтраачих байхдаа гэж найдаж суутал тэгсэнгүй. За сайн уу? Сонин сайхан юутай гээд л нэг эр буу халж байна аа. Жүжигчидтэй зэрэгцээд ам уралдан чалчиж гарав. Арай ч дээ. Гар утсаа гайхуулах гэсэн юм болов уу хөөрхий гэж сүүлдээ өрөвдөх сэтгэл төрөв. Хаха. Тэр нөхөр гар утсаа гайхуулах алтан боломжыг алдахыг хүсээгүй бололтой. Ажил хөөцөлдөж яваад Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Түвшинтэй өнгөрсөн 2-р сард уулзаж байснаа тод санаж байна. Шинэ жүжгийнх нь талаар мэдээлэл авангаа монгол үзэгчидийн талаар бодлыг нь сонирхов. -Би их олон өлсгөлөн хүнийг л театрт олж харах юм даа гэж тэр хэлээд санаа алдаж билээ. Учир нь монголчууд театрт ороод чихэр жимс, ус ундаа гээд байж болох бүх л амттанг зооглодог байна. Энэ нь тайзан дээр ажиллаж байгаа жүжигчдэд их дарамттай. Зрителийн зал руу харахаар л өөдөөс нь үхэр шиг юм хивсэн улсууд мэлийгээд сууж байдаг гэнэ. Монголд аль ч театрын зрителийн зал тоглолтын дараа хогийн сав болж хувирдаг. Чихэр жигнэмэгийн цаас, ундаа жүүсний хоосон лонх, самрын яс шалаар нэг хөглөрдөг тухай театрынхан ярьж байна. Театр гэдэг суурин газрын соёл. Улаанбаатарчууд “хотын соёл” гээчийг хэзээ мэддэг болох бол?
2007-04-06
ХОТЫН ТУХАЙ 7 БОДРОЛ
Нэг. Монгол хот
Хот гэдэг их айл гэж нэгэн яруу найрагч хэлжээ. Тун ч оновчтой хэлсэн байгаа биз. Айл бүхэнд бичигдээгүй “хууль” байдаг даа. Аавын суудал, аавын аяга гээд л бусад хүн хүрдэггүй, хэрэглэдэггүй эдлэл айл бүрд бий. Түүнтэй адил хотод ч бас дэг журам, нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ заавал гэж байж таарна. Манай улсад хотжих үйл явц эхэлээд удаагүй. Өвөг дээдэс маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан болохоор нүсэр том барилга байгууламж бариад байх шаардлага гараагүй байх л даа. Гол амин зуулга нь таван хошуу мал. Малд шимтэй бэлчээр хаана байна, тийшээ л гэрээ ачаад нүүдэг байсан ард түмэн юм чинь том байгууламжаар ч яах ч юм билээ. Зарим түүхчид Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь суурин соёл иргэншилтэй Хятад, Орос, Дундад Ази, Араб, Энэтхэгийг эзлэн түрэмгийлсэн гэж дүгнэлт хийсэн байсныг ном зохиолоос уншиж байлаа. Эх орныхоо түүх рүү эргээд харвал Монголчууд хэд хэдэн удаа хот байгуулж байжээ. Хамгийн анхны бөгөөд эртнийх нь Хар-Хорин. Энэ хот нэг хэсэг Монголын улс-төр, нийгэм, соёл, эдийн засгийн төв нь болж чадаж байлаа. Монголын эзэнт гүрэн задарахтай зэрэгцээд л нийслэл Хар-Хорин бас уруудаж, доройтож эхэлсэн байгаа юм. Хар-Хорин хотоос гадна Монголын түүхэнд тодорхойүүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн суурийн газар хот тэмдэглэгдэн үлджээ. Одоо бол тэдний ихэнхи нь газрын хөрснөөс ул мөргүй арчигдсан бол цөөн хэдийнх нь туурь, балгас үлдэж хоцорсон нь бий. Шарын шашин дэлгэрэх үед сүм хийд, дуган л суурин соёл иргэншилийн шинжийг агуулж байсан нь түүхээс тод харагддаг. 16-18-р зууны үед баригдсан Монголын сүм хийдүүдийн ихэнхийг нь гадныхан бүтээн босголцож байсан нь үнэн. 20-р зууны эхэн үед ч гэсэн Монголын хүн амын дийлэнхи нь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр байсан бөгөөд хүн амын маш өчүүхэн хэсэг нь л нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот оршин буй газар суурин байдлаар аж төрж байлаа.
Хоёр. Нэрэндээ дургүй нийслэл
Нийслэл хотынхоо түүхийн талаар бүгдээрээ л ойлголттой байдаг болохоор энд нуршаад дэмий биз. Гэхдээ Монголын нийслэл хамгийн олон удаа нэрээ сольж байсан түүхтэй. Үүгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Монголчууд нийслэлийнхээ нэрийг 13 удаа сольж байжээ. 1921-оноос Орос улсын дэмжлэг авч засгийн эрх барьсан коммунистууд нийслэл хотоо УЛААНБААТАР гэж нэрлэсэн түүхтэй юм билээ. Улаанбаатар гээд нэрнээсээ л “улаан коммунизм” ханхалж байгаа биз.
Гурав. Эсгий хот шавар хот болов.
Дэлхийн 2-р дайны дараа Монголд айлчилсан гадаадын нэгэн түшмэл Улаанбаатарыг эсгийн хот юм даа гэж хэлчихээд явчихжээ. Үүний дараа монголчууд эсгийн хотоо шавар хот болгох хөдөлгөөн эрчимтэй өрнүүлэв. Үүний үр дүнд Сүхбаатарын талбай цардмал замтай болж “40, 50 мянгат” хэмээх хороолол сүндэрлэсэн түүхтэй. Улаанбаатар хотод европ /орос загварын/ хороолол сүндэрлэх эхлэлээ ингэж тавьжээ. Соц нийгмийн үед гэр хорооллыг устгана гэдэг том лоозонг эрх баригчид дэвшүүлсэн боловч энэ зорилгодоо хүрээгүй. Гэхдээ орчин үеийн хотын хэв шинжийг Улаанбаатар ерөнхийдөө олсон. Одоо бидний өмнө хамраа сөхөөд байгаа япон солонгосчууд эдийн засгаа хөл дээр нь босгох гэж тэнтэр тунтар алхаж, модон гэж хэлж болохоор оромжинд хоног төөрүүлж байхад Улаанбаатар хот аж үйлдвэрийн комбинат, дөч, тавн мянгатын орон сууцны хороолол, төв цэнгэлдэх хүрээлэнтэй болчихсон байлаа.
Дөрөв.80-аад оны Улаанбаатар
Улаанбаатарчууд 80-аад оны үеэр 3,4-р хороололтой болчихсон 1-р хороололын суурийг нь тавиад завгүй хөдөлмөрлөж байв. Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина гэж гадныхан магтаад л... Манайхан үүнд нь урамшаад л... 80-аад оны дунд үе гэхэд Монгол улсад барилгийн салбар аль хэдийнэ байр сууриа олчихсон байлаа. Архитекторууд нь бүгд Орост сургууь дүүргэсэн болохоор орос загварын хороолол Улаанбаатарт сүндэрлэх нь аргагүй. Гэр хорооллыг устгах төлөвлөгөө нь хэвээрээ. Гэхдээ нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байсаар 90 онтой золгожээ. Гэр хороололыг устгаж чадсангүй.
Тав. Миний мэдэх Улаанбаатар
90 гараад монголчуудын амьдралд асар том эргэлт гарлаа. Эхэндээ орой бусгай энэ цагт яах учраа ч олохгүй сууцгааж байв. Өмнө нь бодож, мөрөөдөж, зорьж байсан бүхэн нь нэг л өдөр хумхын тоос болчих нь тэр. Ганзагын наймааны алтан үед монголд барилгын салбар уналтад оржээ. Улаанбаатарт ганц шинэ барилга ашиглалтад ороогүй жил ч бий. Харин 2000 оноос энэ салбар сэргэж байгаа нь та бидний нүдний өмнө илт харагдаж байгаа. Улаанбаатарын хаа саагүй л байшин сав баригдаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд газрын маргаан, газрын дуудлага худалдаа гэх зэрэг шинэ ойлголт, нэр томъёо монголчуудын үгийн санд орж ирэв. Бид оршин суугаа газрынхоо ойр орчимд байшин сав бариулахгүй гэж дүвчигнэж байгаад барилгын компани, газар эзэмшигчээс нь баахан мөнгө салгадаг арга ч бий болов. Одоо ч гэсэн Улаанбаатарын хаа нэгтээ газрын маргаан хэрүүл тэмцэл хэл ам болж байгаа гэж мөрийцөх юм бол алдах юмгүй. Соц нийгмийн үед барилга хот байгуулалт хэмээх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баригдсан орон сууцны хорооллынхоо өнгө төрхийг эвдэж бусниулаад жаахан сул газар нь байшин сууц барих болов. 2000 оноос хойш Улаанбаатар хот тэлсэнгүй. Харин жаахан газар олон байшин шахаж бариад хот бөөгнөрч, шамбааралдсан гэж хэлж болно. Бас орон сууцны нэгдүгээр давхарын тагт цонхыг нь хаалга болгодог, байшингийн хана дагуу залгаж амбаар барьдаг моод борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Замбараагүй байшин Улаанбаатарт нэмэгдэхтэй зэрэгцээд хар утаа баагиулсан гэр хороолол ч бас хүрээгээ тэлж амжсан. Ингээд өвөл болохоор Улаанбаатар маань Утаанбаатар, хавар намартаа Униарбаатар болж хувирч байгаа юм даа. Миний мэдэх Улаанбаатар нэг иймэрхүү.
Зургаа. Би нийслэл хүү
Би жинхэнэ нийслэл хүү. Зарим хүмүүс хотод төрсөн юм байж хөдөөний өлчир хүн болох гэж оролдох нь надад инээдтэй санагддаг. Улаанбаатарын 1, эсвэл 2-р төрөх эмнэлэгт мэндэлчихээд би тэр аймгийн энэ сумынх гээд нүүр нь улайхгүй намтартаа бичих нь их гайхмаар сонин үзэгдэл. Би бол Улаанбаатарын уугуул. Төрсөн газар гэх юм бол Энх тайвны өргөн чөлөө -1-р төрөх эмнэлэг. Балчир нас, өсвөр нас маань Улаанбаатартаа л өнгөрсөн. Хөдөө орон нутагт хамаатан садан ч байхгүй гэж хэлж болно. Хөдөөний амьдрал маруухан мэднэ. Жинхэнэ хотын жаал байгаа биз.
Долоо. Хотын соёл
Монгол улсад европ загварын орон сууцыг 1950-оноос эхэлж барьж байгуулсан. Яг тэр үеэс л Монголд хотжих үйл явц эхэлсэн гэж хэлэх нь зүйтэй. Одоо хотод төрж өссөн хүмүүсийн гурав дахь үе нь төрж байгаа. Гэсэн ч хотын соёлыг монголчууд эзэмшээгүй байна даа гэж надад бодогддог. Улаанбаатарт яваа таван хүн тутмын 4 нь гудамж талбай, хаа тааралдсан газраа нус цэрээ нийж, шүлсээ хаях юм. Ой гутмаар. За тэгээд бас 3 хүн тутмын нэг нь байшин хашаа, мод бутны доор шээгээд зогсож байх юм. Арай л хүндээр бие засах нь холгүй. Хэн мэдэхэв... Зарим нэг нь гудамж талбайд явж байхдаа хүндээр бие засдаг ч юм билүү?Хүн шүлсээ хаяхад 25м куб агаарт уг шүлс ууршдаг байна. Энэ нь агаарт урвалд орж исэлдэхдээ наад захын ханиаднаас эхлээд халдварт өвчин үүсгэгч болж хувирдаг. Ингээд бодохоор гудамж талбайн булан тохойд байгаа хүний ялгадас бидний эрүүл мэндэд эргээд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Идсэн чихэр, татсан тамхиний иш, үнсээ чөлөөтэй хаяна даа. Улаанбаатарын гудамжаар нэг их ганган хээнцэр хүмүүс бөөн хог шороон дотор л таваргаж өгнө дөө. Хотын соёлыг бид хэзээ сурах вэ? Хэрвээ хүмүүс компьютертэй адилхан байсан бол “хог хаяхгүй байх”, “гудамжинд шүлс нусаа хаяхгүй байх”, “ил задгай газар морио харахгүй байх” гэх зэрэг программ зохиогоод тархинд нь суулгачих юм сан.
БНХАУ-д гей залуусын тухай телевизийн нэвтрүүлэг гарч эхэллээ.
Гей залуусын тухай нэвтрүүлэг Хятадын телевизийн түүхэнд анх удаа гарч байгаа. Бараг шинэ үзэгдэл гэж хэлж болно. 12 цуврал нэвтрүүлгийг телевизийн эфирээр дамжуулахас гадна интернэтээс үзэж болох юм байна. Нэвтрүүлгийн хөтлөгч нь гей залуу бөгөөд Хятад дахь бэлгийн цөөнхүүдийн өмнө тулгарч байгаа тулгамдсан асуудлын хөдөж ярих гэнэ. Гей, лесби хүмүүсийн тухай хятадын нийгэмд ноёлсон бүрхэг ойлголтыг энэ нэвтрүүлэг эрс өөрчилөх болно гэж нэвтрүүлгийг санаачилсан уран бүтээлчид үзэж байна. Хятад улсад саяханыг хүртэл гей залуусыг мөрдөж, гадуурхаж, шорон гянданд хорьж, бүр ялын дээд хэмжээ оноодог байсан юм. 2001 оноос өмнө Хятад улсын эрх баригчид гомосексуализмыг сэтгэл зүйн хямрал гэж үздэг байжээ. Харин одоо энэ байдал эерэг тал руугаа өөрчлөгдөж байна. 1997 оны 7 сар хүртэл Их Британий эзэмшил газар гэж тооцогддог байсан Гонконг буюу одоогийн Хятадын засаг захиргааны онцгой муж Сянганы “Phoenix Satellite Television” гей залуусын тухай нэвтрүүлгийг бэлтгэж эхэлжээ. Үзэгчидийн хүрээг тэлэх зорилгоор энэ нэвтрүүлгийг интернэтээр ч дамжуулах юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий продюссер Ган Ган Ройтер агентлагийн сурвалжлагчид “энэ нэвтрүүлгээр дамжуулан гей залуус хоорондоо танилцах ч боломжтой” гэж ярьсан байна. Хятадын томоохон хотуудад гей залууст үйлчилдэг клуб, спортын зал, караоке бар аль хэдийнэ байгуулагджээ. Хятадын эрх баригчид гей залуусын талаарх үзэл баримтлал, бодлогоо зөөлрүүлж байгаагийн шинж гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Хятадын өндөр настанууд нийгмийн энэ давхрааны хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шууд хэлдэг. Иймд хятад гей залуусын хувьд гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдалд ордог байна. Мэдээлэл хомс байдагаас гей хүмүүсийг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Гонконгийн ТВ-ийн нэгэн сэтгүүлч ярьжээ.
ДОСУГ
ОХУ-ын Москва хотод францын гэрэл зурагчин, уран зураач Пьер, Жиль нарын уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Тэд 30 жилийн турш хамт амьдарсан гей хосууд. Тэдний уран бүтээлээс гей соёл, гей залуусын үнэт зүйлсийг мэдэрч болно. Уран бүтээл ( гэрэл зураг, уран зураг) нь дэлхийн томоохон сэтгүүлийн эхний хуудасанд олон удаа хэвлэгдэж байсан гэнэ. Авъяаслаг энэ хосын бүтээлүүд Улаан Талбайгаас хэдхэн алхамын зайд байдаг “Манеж” үзэсгэлэнгийн танхимд заларчээ. Бид энд эрх чөлөөтэй, хүссэн бүх үзмэрээ дэлгэн тавьсан. Хэн ч ямар ч хориг саад хийсэнгүй. Цензургүй байсан гэсэн үг. Үзэсгэлэн гаргах үед ямар нэгэн таагүй явдал гарах вий гэж бид их түгшиж байлаа. Ялангуяа Оросын хэт үндсэрхэг залуучуудын бүлэглэл, шашны байгуулагууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, үзэсгэлэнг түйвээх вий гэж их санаа зовж байсан. Азаар ийм зүйл болсонгүй. Үзэсгэлэн амжилттай болж өнгөрлөө гэж Пьер, Жиль нар хэвлэлийнхэнд ярьжээ. 4 сарын 6 үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр. Пьер, Жиль нарын амьдрал уран бүтээлийн тухай нийтлэл Оросын “Квир” хэмээх гей сэтгүүлд гарчээ.
Хөгжилтэй жаал гэдэг утгаар
11 настай сургуулийн сурагч бусдыг бэлгийн чиг хандлагаар нь доромжилсон хэргийн гол буруутан нь болжээ. Тэр ангийнхаа нэг жаал руу gay boy гэсэн үгтэй электрон захиа илгээжээ. Захиаг хүлээн авсан 10 настай хүүгийн эцэг эх нь тун санаандгүй байдлаар уг захиаг олж хараад цагдагийн газар гомдол мэдүүлжээ. Гэрт нь хоёр цагдаа ирж гомдолын дагуу яваагаа хэлэхэд “хэрэг тарьсан” хүүгийн эцэг нь эхэндээ наргиа гэж бодсон байна. Гэвч тун удалгүй үнэхээр хэрэг бишидсэнийг тэр ойлгожээ.Захиа бичсэн хүү цагдаа болон эцэгтээ gay гэдэг үгийг “хөгжилтэй” гэдэг утгаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлажээ.
СОЛОНГОТ МЭДЭЭ
Массачусетс мужын шинэ амбан захирагч ардчилсан намын гишүүн Девал Патрик 26 хосын гэрлэлтийг батлах зөвшөөрөл өгсөн байна. Девал Патрик өнгөрсөн оны сүүлээр мужыг амбан захирагч болсон юм. Түүнээс өмнө амбан захирагчаар ажиллаж байсан Бүгд Найрамдах намын гишүүн Митт Ромни гей лесби хосуудын гэрлэлтийг батлах зөвшөөрөл өгөхгүй байсан юм. Уг нь гей, лесби хосуудын гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн цорын ганц муж нь Массачусетс байсан ч хүссэн хүн бүр гэрлэлтээ батлуулах эрх эдлэж чадахгүй байжээ. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа Ромни нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан гэж Патрик хэлсэнийг "Boston Globe" сонин уламжилсан байна. 1993 оноос хойш Массачусетс мужид ойролцоогоор 8000 ижил хүйстэн хос гэрлэлтээ батлуулжээ. Ижил хүйстэнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Үндсэн хуульд харшилсан хэрэг гэж Массачусетсын ерөнхий прокурор мэдэгдэж улмаар 1993 онд тусгай хууль гаргасан байна. Уг хуулинд өөр мужаас ирсэн гей лесби хосууд Массачусетс мужид гэрлэлтээ батлахыгхоригложээ. Мужын амбан захирагч Патрикийн зөвшөөрөл өгсний дараа өөр мужаас шилжин ирсэн 26 хос Массачусетс мужид хуримлажээ. Гэрлэлтээ батлуулсан хамгийн эхний хос нь 40 настай Марк Персалл, 43 настай Пол Труби нар болжээ. Тэд Ливан улсад хөдөө аж ахуй эрхэлж байгаад 2004 онд Массачусетс мужын Вустер хотод ирсэн юм байна.
2007-04-04
11 сарын 11
Ene shulgiig Tsagaanaagiin blogoos copy-doj avlaa. 11 sariin 11 gej...
Арван нэгдүгээр сарын арван нэгэн
Арван нэгдүгээр сарынАрван нэгэн
Аяа, амьдрал үргэлж ийм
Тэнцүү байдаг бол сайхан аа
Миний жаргалаар эгч минь жаргахгүй
Эгчийхээ зовлонг би хагасалж чадахгүй
Гунигтай яа
Хувь тавилангаа хэрэв хувааж болдог сон бол
Хундаганд архи шиг дүүргээд хэнд ч барихад бэлэн
Өгөөмөр байхын тулд их юм хэрэггүй
Өрөвдөж хэнийг ч хайрлахад,
Өмнөөс нь уйлахад би бэлэн
..Бүх хүн өвчингүй бол
Бүх хүн мөнгөтэй бол
Бүгд элэг бүтэн бол...
Бүтэхгүй ийм л хүсэлтэйгээр
Өглөөг дандаа угтдагтаан,
Үзэн яддаг дайснаа ч
Үргэлж, өршөөн уучилдагтаан
Жаргалтай баян явдаг аа, би
Жаргахын тулд их юм хэрэггүй.
Арван нэгдүгээр сарын арван нэгэн
Арван нэгдүгээр сарынАрван нэгэн
Аяа, амьдрал үргэлж ийм
Тэнцүү байдаг бол сайхан аа
Миний жаргалаар эгч минь жаргахгүй
Эгчийхээ зовлонг би хагасалж чадахгүй
Гунигтай яа
Хувь тавилангаа хэрэв хувааж болдог сон бол
Хундаганд архи шиг дүүргээд хэнд ч барихад бэлэн
Өгөөмөр байхын тулд их юм хэрэггүй
Өрөвдөж хэнийг ч хайрлахад,
Өмнөөс нь уйлахад би бэлэн
..Бүх хүн өвчингүй бол
Бүх хүн мөнгөтэй бол
Бүгд элэг бүтэн бол...
Бүтэхгүй ийм л хүсэлтэйгээр
Өглөөг дандаа угтдагтаан,
Үзэн яддаг дайснаа ч
Үргэлж, өршөөн уучилдагтаан
Жаргалтай баян явдаг аа, би
Жаргахын тулд их юм хэрэггүй.
2007-04-03
7000 км
Subscribe to:
Posts (Atom)