Одоогоос хэдэн хоногийн өмнө америкад амьдардаг хамаатны эгч маань утсаар ярьлаа. Ээжтэй зөндөө л удаан ярьсан юм. Цагийн зөрүүнээс ч болсон юм уу, эсвэл эгчийн зав зай нь тэгэж таарсан юм уу бүү мэд, Улаанбаатарын цагаар өглөөний 6 цагийн үед залгасан юм. Тэгээд өглөө эрт утас хангинаад биднийг сэрээчихэв. Нойрмогхон утсаар ярьсан ээжийг -Та нар ямар их унтдаг юм. Өглөө 6 болж байхад гэж хэлжээ. Би өөрөө өглөө бүр 5 цагт сэрдэг гэж эгч маань ээжид хэлж л дээ. Утсаар ярьж дуусаад нөгөөх чинь өглөө 6 цагт утасдаад та нар ямар их нойртой улс вэ? Америкаас биднийг хэдэн цагт сэрэхийг заачих юм аа гэж ээж хошигносон аястай хэллээ.
Монголчууд бид нар ер нь их унтдаг хүмүүс гэдэгтэй би ч санал нийлдэг юм. Гадаадад бол хүмүүс өглөө эрт босдогийг ч мэднэ л дээ.Оюутан байхдаа би нэг удаа нам унтаад хичээлээсээ хоцроод очдог байгаа. Тэгсэн чинь манай орос багш “Нөхөр минь чи сургуулиасаа холгүй амьдарч байгаа хэрнээ яагаад хоцордог юм бэ? Манай гэр Москвагаас бүр хол, жижиг дагуул хотод байдаг. Би өглөө 5 цагт сэрээд гэрийхэндээ өглөөний цайг нь бэлтгээд хот хоорондын цахилгаан галт тэргээр Москвад ирж, вокзалаас метро, травмайгаар дамжин байж 9 цагт эхэлдэг ажилдаа хоцрохгүй ирж байна гэж хэлж байсан юм.
Ингээд бодохоор би нээрээ их унтамхай хүн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Би заримдаа ажил руугаа орохын өмнө жижиг савласан кофе, жаахан идэх юм авах санаатай дэлгүүр ордог юм. Улаанбаатарт өглөөний 9 цагт онгорхой байдаг үйлчилгээний газар бараг байдаггүй юм даа. Харин Монголоос өөр оронд бол өглөөний 9 цаг гэхэд амьдрал ид буцалж байгаа даа. Монголын нөхцөлд өглөөний 5 цагт сэрэх нь ч хаашаа юм. Ялангуяа нүүрсний утаанд умбаж байгаа Улаанбаатарт амьдарч байгаа болохоор яаж өглөө гэрээсээ гарна даа гэж би зүрхшээдэг болчихсон. Эрх биш ажилдаа заавал явах ёстой болохоор л өглөө гэрээсээ дуртай дургүй гарч байгаа юм. Цаг агаар дулаан, экологийн проблем багатай, хүн ам нь хэдэн арван саяараа тоологддог, ажил хэрэгч том мегаполист амьдарч байгаа хүмүүс бол өглөө 5 цагт ч сэрэлгүй ч яахав дээ. Угаасаа өглөө эрт сэрэхийг орчин нөхцөл нь шаарддаг байлгүй дээ. Харин монголд нөхцөл байдал өөр байгааг дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд амьдарч байгаа эгч маань яаж ч ойлгох вэ дээ? Тэгээд ч эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүс монголын амьдралын бодит байдлын талаар ямар ч төсөөлөлгүй болчихдог. Интернэтээр монголын хэдэн сайтуудаас мэдээлэл авч байгаа ч энэ нь монголын нийгмийн тухай бүрэн дүүрэн ойлголт өгч чадахгүй нь ойлгомжтой. Ер нь хүн амьдарч байгаа орчиндоо амархан дасдаг шүү. Хүн аливаа орчинд дасамхай болохоор л хилийн чанадад суугаа элчин сайд, консулыг максимум нь 4 жилийн хугацаатай томилдог нь тохиолдолын хэрэг биш.Нөгөө элчин сайд нь удахаараа орчиндоо дасаад, амьдарч байгаа орондоо өрнөж байгаа үйл явдлыг харийн хүний нүдээр харахаа больчихдог гэмтэй учираас л тэр...