2007-05-30

Ямар халуун байна аа

Ойрд нээрээ аймаар халуун байна аа. Зайрмаг, хvйтэн ундаа, ус уусаар байтал хоолой өвдөж эхэллээ. Халуун хүйтэн харшилна гэдэг нь болж байгаа юм байлгүй. Монгол явах өдрөө тэсэн ядан хүлээгээд л... Нөгөө диссертация бичээд ашгүй дууслаа. Удахгүй хамгаалалт болно. Хамгаалалтаас өмнө бушуухан хооло хөндүүрлэж байгаа нь зүгээр болоосой. Тэгэхгүй бол юм ч уншиж чадахгүй, багш нарын өмнө хачин хоолойгоор дуугарах нь ээ.

2007-05-29

Шереметьево-2

Манай сургуулийн нэг аспирант эгч Германы Дюссельдорф хотоор дамжин АНУ явах болов. 5 сарын 27-ний өглөө 8.25 цагт онгоц нь хөөрөх юм байна. Яаж ч хурдан явсан өглөө гэрээсээ гарах юм бол хоцорчих гээд байна. Орой онгоцны буудал руу хүргээд өгөөч гэж надаас гуйв. Эмэгтэй хүн тусламж гуйж байхад яаж үгүй гэхэв дээ. Монгол хүмүүс байна. Бие биендээ туслаахаас яахав. Тэгээд сургуулийнхаа аспирант эгчид туслахгүй бол хөөрхий нисэх буудал руу харанхуй шөнө ганцаараа явж, өглөө нь онгоцондоо ортолоо ганцаараа хүлээлгийн танхимд суух юм байна гэдэг дүр зураг нүдэнд тодроод ирлээ. Ингээд зөвшөөрлөө. Оройн 11 цаг гээд аспирант эгчийн чемоданаас нь бариад Шереметьво-2 нисэх онгоцны буудалыг зорив. Оройн замын бөглөрөх нь харин гайгүй юм байна. Ердөө нэг цагийн дотор л нисэх буудал дээр ирлээ. Тэгээд нисэх буудлын хүлээлгийн танхимд нь орсон чинь онгоцоо хүлээсэн хүмүүс сандал дээр суугаа чигээрээ унтаад л... Эгч бид хоёр бас сандал хайж баахан холхив. Бүх сандал эзэнтэй болчихож. Шөнийн, эсвэл бүүр эрт өглөөний нислэгээр явах хүмүүс ч өрөвдмөөр юм аа. Ашгүй нэг сандал олоод суулаа. Сургуулийнхаа аспирант эгчтэй хичээл номноос авахуулаад хавь ойрын хамаг юмыг хамж шимж ярьж суутал шөнийн 3 цаг болчихов. Эгчийн нойр хүрээд миний хажууд суугаа чигээрээ дугхийж орхив. Би эвшээлгээд л суугаад байлаа. 30 минут хүрэхтэй үгүйтэй унтаад эгч сэрэв. Чиний нойр хүрэхгүй байна уу гэж эгч асууж байна. Намайг ч бас суугаа чигээрээ унтана гэж бодсон бололтой. Бид хоёр дахиад л буу халаад. Сүүлдээ хийх юмаа олж ядаад нисэх буудал дээр үнэгүй тараадаг сонинг хүртэл гарчиглаж суув. Ингэсээр ашгүй өглөөний 6.25 минутад Дюссельдорф руу нисэх зорчигчидийг бүртгэж эхлэв. Бүртгүүлэх гээд явж байхдаа Щвейцарийн Цюрих хот руу явах гэж байгаа бас нэг эгчтэй тааралдав. Тэр эгчийг эндхийн Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэр нь үдэж өгч байв. Азаар Цюрих, Дюссельдорф орох зорчигчидийг нэг газар бүртгэж байв. Сургуулийнхаа аспирант эгчийг онгоцны бүртгэлээ хийлгэж байх зуур Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэрээс нь энд буудал дээр хоносон юм уу гэж асууж амжив. Үгүй, сая л гэрээсээ ирлээ. Манай найз Цюрих явж байгаа юм гээд та хоёр энд хоносон юм уу гэв? Би ч үнэнээ л хэллээ. Өчигдөр орой энд хоносон. Оюутан энэ тэр гэсэн чинь намайг хальт өрөвдсөн юм байлгүй эгчийнхээ машинаар хүргүүлээрэй гэж байна. Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн газар манай сургуулийн хажууханд нүүгээд ирсэн юм. Ашгүй ингээд тэр эгчийн машинаар гэртээ хүргүүлэв. Өглөө 6 цаг өнгөрч байхад зам дээр машин бага, агаар цэвэрхэн сайхан юм аа. Нисэх буудлаас гэр хүртэл 120 км/ц хурдаар 30-аад минутад л амьдардаг гудамжиндаа ирдэг байгаа. Метрогоор явсан бол 2 цаг гаран болох байлаа. Шөнө нь нойргүй хоносон надад энэ шиг том тус гэж юу байхав дээ. Яахав дээ ядарсан мань мэтийн оюутанд тусалсан төмөр замын төлөөлөгч ахын эхнэрт нь баярлаа гэж...
Гэртээ орж ирээд дэрэн дэээр толгой тавиад л нам. Арай гэж унтах гэж байтал монголоос “Өнөөдөр ..... хүүхдийн үс авах найр болж байна. Аав ээж нь тэднийд сууж байна” гэсэн байна. хариу мессэж ч бичих тэнхэл алга. Унтахаар нүдээ анив. Яана аа..
Ойрд миний нойр солигдоод хачин байна аа. Ядаж байхад ойрд агаарын хэм 35 хэмээс буухгүй юм. Бороо ороосой. Жаахан сэрүүхэн болдоггүй юм байх даа. Халуунд бие нозоороод диссертациа ч бичих хүсэлгүй, залхуу болоод байхиймаа.

Шорлог – Шашлык







5 сарын 10-аас эхэлээд энэ цаг агаар хэт халуун байна аа. Буужны жигнүүрт байгаа юм шиг л. Энд бүүр 35 хэмийн халуун болж байна ш дээ. Сүүлийн хэдэн арван жилд манай хотод ийм халуун болж байгаагүй гэж бүх телевизийн мэдээгээр мэргэжлийн хүмүүс ам уралдан ярьж байна. Би уг нь их цайсаг хүн. Халуун байхуу уух дуртай. Гэтэл гадаа ийм халуун байгаа болохоор байхуу цай уух хүсэл ч төрөхгүй байна. Өөрийн эрхгүй зайрмаг долоогоод, ice tea –ний байнгийн хэрэглэгч болчихоод байна. Өнгөрсөн хэдэн өдөр ямар үйл явдал болж өнгөрлөө гэж бодлоо. Эрдмийн ажлын удирдагч багшдаа хийсэн ажлаа үзүүлсэн юм байна. Бага сага засах, шинээр хийх юм бас байна гэнээ. Ингээд бичиж байгаа ажлаа дахин засаж бичих болов. Бас сургуулийнхаа оюутануудтай хамт ойд шорлог хийж идсэн юм байна. /Муу хүн идсэн уусан аа гэж/. Манай оюутны хотхоноос холгүй ой мод байдаг юм. Өнгөрсөн долоо хоногийн 5 өдөр орой монголчуудтайгаа хамт ойн цоорхойд очиж задгай гал дээр борщ чанаж, шорлог хийж бас яаж зүгээр байхав шар айрагдав. Ойрд хичээл ном, шалгалт шүүлэг гэж гүйсэн болохоор баасан гаригийн оройг ингэж амралтын байдлаар өнгөрүүллээ. Манай хэдэн оюутанууд яасан ч дуулах дуртай болчихсон юм. Хаанаас ч юм нэг нь “Хар Чингис” гаргаж ирээд аяны дугараа энэ тэр гээд.
Бүхэл шөнийг ойд өнгөрүүлэв. Шөнийн 4 цаг гээд л үүр цайж гэгээ ордог болсоныг сая л анзаарлаа. Санкт-Петербургт бол бүүр цагаан шөнө нь эхэлчилсэн гоё байгаа даа. Нээрээ ялалтын баярын дараахан Санкт-Петербург хот руу явах гэж байсан ч энэ төлөвлөгөө бүтээгүй. Нэг л сайхан нартай өдөр видео камераа бариад үүргэвчтэй аялалд гарна аа. Бямба гаригийн өглөө 6 цагт гэртээ ирээд усанд орчихоод унтахаар хэвтэв.

Хөөрхий дөө миний блог


Гэнэтхэн өөрийнхөө блогыг өрөвдөх сэтгэл төрөв. Анхандаа ч миний блогт хүссэн бүхэн ороод гардаг байв. Блогтоо нэвтрэх эрхтэй хүтүүсийн тоог цөөлөх зорилгоор блогтоо цоож хийв. Бат найдвартай цоожтой болгочихлоо гэж санаа амарсанаас хойш би гэдэг хүн блогтоо шинээр тун цөөхөн юм бичсэн юм байна. Тэгээд ч яг шалгалт шүүлэг давхардаад байгаа болохоор интернэтээр шагайж блогоо эргэх ч зав зай байсангүй ээ. Уг нь би бүүр хоёр блогтой хүн. Хамгийн анхны блог маань улс-төр, олон улсын харилцааны чиглэлээр өөртөө хэрэгтэй, хэзээ нэгэн цагт эргээд санаж байхад амар гээд бичих зорилгоор нээсэн блог. Харин MNED нэртэй энэ хоёр дахь блогийг нээсэн цагаас эхлээд анхны блогтоо юм бичихээ болиод байгаа. Уг нь блогоо үр хүүхэд гэж зүйрлэх юм бол би хоёр блогныхоо нэгийг нь бүүр тоохоо болиод байгаа маш муу “эцэг, эх” юм аа. Цаг завтай болохоороо нөгөө блогтоо жаахан юм бичнэ ээ. Сүүлийн үед олон улсын харилцаанд чухал баахан л проблем үүсээд байгаа. ТВ-ийн дэлхийн мэдээг үзэж, сонин хэвлэл уншихдаа олон улсын харилцаатай холбоотой асуудлыг анхаарлын төвдөө байлгаж байгаа мөртлөө блогтоо өөрийнхөөрөө бичиж тэмдэглэхээ ч байж. Дараа нь ажлаа хийж байтал гэнэт олон улсын харилцааны нэг проблемын талаар лавлагааны бэлэн материал өөрийнхөө блог дээр байлгаж байвал их амар байгаа юм даа. Харин хоёр дахь блог маань аймаар лут цоожтой. Цоож хийсэнээс хойш ч хүмүүс орж гарч чадахгүй хаяагаар минь гараад яваа байгаа бололтой. Орж ирсэн ганц нэг хүмүүс нь comment үлдээхгүй гараад явдаг болсон байгаа юм даа. Удахгүй ингэж байгаад энэ блогныхоо цоожыг нь аваад хаячихна аа. 2007-05-27

2007-05-24

ГАНЦААРДАЛ

СЭТГЭЛ ХООСРОЛ