2007-11-26

Баярын өдөр буюу миний хувьд жирийн л нэгэн ажлын өдөр

Өнөөдөр Монгол улс бүгд найрамдах засаглалаа тунхагласан өдөр. Улс орон даяараа хүмүүс амарч байна. Миний блогт ордог хүмүүст бас баярын мэнд хүргэе.
Улс орон даяараа амарч байхад би өнөөдөр ажиллаж хийгээд л сууж байна. Ийм л үйл лайтай ажил хийж байна даа гэж бодоод л сууж байна. Өнгөрсөн наадмын гурван өдөр хүмүүс амарч байхад би бас л ажлаа хийгээд л явж байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Шинэ жилээр аягүй бол бас л ажилдаа явах биз.

2007-11-21

Энэ өвлийн анхны цас

Өмнөх өдөр нь цас ороосой гэж мөрөөдөж байлаа. Энэ хүсэл маань 24 цаг хүрэхгүй богино хугацаанд биелдэг юм байна. Амьдралд дээр өөр бусад асуудлууд ингээд миний хүслээр дорхноо биелээд байдаг бол гоё оо. Бүх юм амархан бүтээд байх юм бол амьдрал бас утгагүй ч болчихож мэднэ. Ерөөсөө зарим юм нь ээдрээтэй хэвээрээ л байг. Ээдрээтэй хэцүү байх тусам би ялан дийлэх гэж мэрийгээд зүтгээд тэмцээд байдаг юм...
11 сарын 19-нд өглөө сэрээд цонхоороо харсан чинь дэлхий ээж цагаан дээлээ өмсчихсөн юм шиг гоё харагдаж байна лээ. Би өвлийн хувцас, бээлий малгай ороолтоо аль хэдийнэ өмсөхөд бэлдээд хувцасны өлгүүрт хийчихсэн байсан юм. /Цаад MNED чинь айхтар... кеке/
За тэгээд л 19-ний даваа гаригт ажилдаа явлаа. Хүний мөр гараагүй шинэхэн орсон хөвсгөр цасан дээр гишгэж мөрөө гаргаад л... Энэ өглөө жолооч нар маш болгоомжтой явж байна лээ. Цас орсны дараа хотын агаар бага ч гэсэн цэвэршсэн биз. Утаа униар ч бага, жаахан хүүхдүүдийн хэлдэгээр ёстой ГО ГО байлаа.
Аа тийм, нээрээ анхны цас орсон өдөр манай ажлын газрынхан мэргэжлийн эмч урьж залаад зохион байгуулалттайгаар ханиадны эсрэг вакцин бие махбодь руугаа шахуулцгаасан. Ханиадны вакцин хийлгэх юм бол бүтэн жилдээ ханиад тусдаггүй юм гэнэ. Энэ мөчөөс эхлээд муусайн ханиад гэдэг хадны мангаанаас айхааргүй болсон л гэж бодоод байгаа. Өвлийн 3 сард манай ажлынхан л лав ханиад тусаж халуурсан гэдэг шалтгаанаар ажил тасалж болохгүй болсоон. Ажил таслах хүмүүс арай өөр шалтаг бодож олох хэрэгтэй болоод байна.

2007-11-18

Цас ороосой


Сүүлийн хэдэн өдөр гадаа ч хүйтэрч байна шүү. Хүйтэрээд байгаа хэрнээ яагаад цас орохгүй байгаа юм бол оо? Цас ороосой. Будран орж байгаа цасан дундуур алхаж явах юм сан. Бас шинэхэн орсон цасан дээр гишгээд л... Сүүлийн хэд хоног цас ороосой гэж их хүсэж байна аа. Цас орчих юм бол хотын муухай утаа ч бас түр ч гэсэн намдах байх гэж горьдоод байгаа. Нэт ухаж байгаад яндекс-ээс зориуд цаг УБ-ын цаг агаарын 10 хоногийн урьдчилсан мэдээг харав. Монголын биш, гадаадын тэнгэрийн зурхайчид Улаанбаатар хотод 11 сарын 18-нд /өнөөдөр/ -4 хэм хүйтэн, бага зэрэг цас орно гэж айлдсан байна. Худлаа буудаагүй бол цас орох л юм шиг байна. Бас 11 сарын 24 , 25 нд УБ-д цас орох юм байх аа. Үнэн болов уу? Яах бол?
Цас ороосой...

2007-11-16

Өнгөрсөн 11 сарын 11-д зориулав.



Арван нэгдүгээр сарын арван нэгэн
Аяа, амьдрал үргэлж ийм
Тэнцүү байдаг бол сайхан аа
Миний жаргалаар эгч минь жаргахгүй
Эгчийхээ зовлонг би хагасалж чадахгүй
Гунигтай яа

Хувь тавилангаа хэрэв хувааж болдог сон бол

Хундаганд архи шиг дүүргээд хэнд ч барихад бэлэн
Өгөөмөр байхын тулд их юм хэрэггүй
Өрөвдөж хэнийг ч хайрлахад,
Өмнөөс нь уйлахад би бэлэн

Бүх хүн өвчингүй бол

Бүх хүн мөнгөтэй бол
Бүгд элэг бүтэн бол...

Бүтэхгүй ийм л хүсэлтэйгээр
Өглөөг дандаа угтдагтаан,
Үзэн яддаг дайснаа ч
Үргэлж, өршөөн уучилдагтаан
Жаргалтай баян явдаг аа, би
Жаргахын тулд их юм хэрэггүй.

Явсан газрын сонин

Улаанбаатартаа эргээд ирсээн. Гэртээ ирээд нэлээн хэд хонож байна. Ирээд ажил гэж толгойтой үснээс их. Юун тэр блог бичих манатай. Өнөөдөр л нэг юм жаахан зав гардаг байгаа. Явсан газрын сонин сайхан зөндөө л байна. Алинаас эхлэж бичихээ мэдэхгүй байна. За байж ерөөсөө л дарааллаар нь бичсэн нь дээр юм байна.

Улаанбаатар хотын төв. 2007-11-08 Өглөөний 5 цаг 20 минут орчим .
Хаазаа нэмээд..

Ганц ээлжийн солих хувцас, шүдний оо сойз, үсний шель, сам хийсэн жижигхэн үүргэвчээ нуруундаа үүрээд, гартаа ажлын газраас өгсөн багаж төхөөрөмжийг бариад л гэрээсээ гарлаа. Аавынхаа унаандаа суугаад л хотын гудамжаар сүнгэнүүлэв. Өглөөний 5 цагийн үед хотын гудамж бараг хоосон. Хаазаа нэмээд хурдаллаа. Гадаа тас харанхуй. Тэртээ дээр ганц хоёр од гялалзаж, замын дагуух шонгийн гэрэл муухан ёлтойж байлаа. Зам чөлөөтэй болохоор 20 минутын дотор л нисэх буудал дээр ирчихлээ.

Буянт Ухаа. 2007-11-08 Өглөөний 6 цаг 10 минут.
Олны танил хүмүүстэй хамт...

Улаанбаатар ганцхан нисэх буудалтай. Тэр нь их сүртэй нэртэй. Түүхэнд гавъяатай мундаг хүний нэрийг нисэх буудал зээлдэж аваад удаагүй байгаа. Буян Ухаа гээд л хуучин нэрээрээ байхад юу нь болохгүй байгаа юм бол гэж би боддог юм. За тэр ч яахав. Онгоцны регистрация- аа хүлээж суулаа. Миний хүү үүрэг даалгавар, ажлаа л сайн хийгээрэй. Бусад нь яахав. Албаны тоног төхөөрөмжийг хямгадаарай гээд л захиас хэлээд байлаа. Би ч за за л гээд толгой дохиод суугаад байлаа. Энэ өглөө хамт замд явах хүмүүс буудлын хүлээлгийн танхимд уван цуван орж ирээд л байлаа. Нэг харсан чинь ардын жүжигчин Хайдав гуай, Ньюанс хамтлагийн гурван залуу, Классик Жемийн дуучин Уянга, дуучин Наран, Түвшинтөгс гээд л олны танил хүмүүс нүдний өмнүүр өнгөрч байна. Бүртгэл эхэллээ гэж зарлаж байна. Би ч үүргэвч, гар цүнхээ аваад аавыгаа за баяртай. Сайн сууж байгаарай гэж хэлээд би оочерт зогслоо.
Шереметьево- 2.
МИАТ-ыг сонгосон танд баярллаа.
..
Зарим хүмүүс МИАТ-ын үйлчилгээ муудсан гээд л байсан. Би л лав МИАТ-ыг муулмааргүй байна. Оросын АЭРОФЛОТ-ыг бодвол үйлчилгээ сайтай. Гэхдээ CHINA AIR, KOREAN AIR -ийн үйлчилгээг МИАТ-тай харьцуулах ч хэрэггүй л байх л даа. За за тэр ч яахав. МИАТ компани овоо залуухан стюардес ажилд авсан байна лээ. Лав хоёр бүсгүй, миний үеийн насны хоёр залуу ажиллаж байна лээ.
Танд юу хэрэгтэй вэ гээд л урдуур хойгуур гүйгээд байсан шүү. Хэдэн цагийн дараа зорьсон газраа хүрсэн.
Москва. Танил хотдоо өнгөрүүлсэн 4 хоног
Дасал болсон газраа албан ажлаар 4 хоносон. Албаны шугамаар баахан л газраар явлаа. Олон хүч хүнтэй уулзлаа. Ажлын талаар бичвэл ч сонирхолгүй байх даа. Ажлынхаа заваар нь университет, студ городок-оороо ороод амжсан. Олон жил амьдарч байсан газраа эргэлээ. Хэ Хэ Хэ. Оюутан байхад ингээд л энэ гудамжаар алхаад л явж байсан сан гээд л дурсаж бодлоо.
Миний төрсөн өдөр
Яг тэнд байхад төрсөн өдөр маань болсон. 2007 онд гэртээ төрсөн өдрөө гэртээ тэмдэглэнэ дээ гэж бодож байсан юм. Тэгсэн чинь дахиад Москвад төрсөн өдрөө тэмдэглэж таарлаа. Монголоос яваад хэд хоногийн дараа эргэж ирэхдээ нэг нас нэмээд ирдэг байна шүү.
Дараа жил ёстой жинхэнээсээ төрсөн өдрөө Монголд тэмдэглэнэ ээ...
Цагийн зөрүү
Зорьсон хэргээ бүтээгээд буцаад л МИАТ-ынхаа онгоцоор эргээд ирсэн. Онгоцондоо яваад орсон чинь өнөө эчнээ танил болсон стюардес залуу, бүсгүй хоёр сайн явж байна уу гээд л толгой мэхийн угтаж байна. Өглө эрт Улаанбаатартаа буугаад гэртээ ирж хэсэг амсхийгээд л ажилдаа явлаа. Тэгсэн чинь үдээс хойш болов уу үгүй юу нүд анилаад ажил дээрээ давсанд явахаа шахсан. А теперь всё в порядке со мной.