2007-11-08

Түр баяртай....

Өчигдөр 11 сарын 7-нд хувийн болоод хувьсгалийн ажил амжуулах гэж баахан л ийш тийш гүйлээ. Ашгүй орой болохын алдад л төлөвлөсөн ажилаа бүгдийг нь амжуулав. Орой 22.00 цаг болж байхад л гэрийнхээ босгоор алхав. Гэртээ ирээд ч санаа амарч суусангүй ээ...
За байз, замд гарахад чинь юу юу хэрэг болдог билээ? Жижигхэн цүнхэнд хамгийн чухал гэж үзсэн ойр зуурын, наад захын хэрэгцээний юмаа цуглуулаад хийчихлээ. Тэгээд дахиад бодлоо. Замд гарахад юу хэрэгтэй вэ? гэж... Бодоод л... Бүүр цаасан дээр бичиж жагсаалт гаргалаа. Цүнхэндээ хийсэн юмнуудаа цаасан дээр тэмдэглээд л...

Зиак, тэгээд шөнө дунд болж байхад л сая нэг юм цүнхэн доторхоо жин тан болгоод уужуухан амьсгал авахтайгаа болж байна. Гэтэл бүүр нойр хульжаад амрах хүсэл алга болчихсон байх юм. Хүн яг нойр хүрч байх үед нь л унтахгүй бол дараа нь нойр нь хульждаг гэж үнэн бололтой.Харин одоо эчнээ танил болсон хүмүүсийн блогуудаар орж гараад л сууж байна даа. Аль хэдийнэ өдөр солигдчихсон байгааг сая л анзаарлаа. Өнөөдөр нь 11 сарын 8. Үүр цайх ч дөхөж байх шиг. Хэдхэн цагийн дараа замд гарлаа. Өнгөрсөн зунаас хойш өрнөсөн олон, үйл явдлыг эргүүцүүлэх боломж олгох гэж бас хөгжилтэй өнгөрүүлсэн оюутан үеийн минь дурсамжыг сануулах гэж энэ аялалыг хувь тавилан надад бэлэглэж байгаа юм болов уу? Энэ жил төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ гэж төлөвлөж байсан маань ч талаар болж байх шиг байна . Сүүлийн бараг найм есөн жил төрсөн өдрөө Монголдоо тэмдэглэсэнгүй. Түр баяртай эх орон минь...

2007-11-07

Мобикомын хэрэглэгчидийн анхааралд

Мобиком компани хэрэглэгч та бүхэндээ шинэ үйлчилгээгээг санал болгож байна.
Ирэх долоо хоногоос эхлэн Мобикомын бүх хэрэглэгчид "МИНИЙ ТАЙЛАН" үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боллоо. Сар бүрийн сүүлээр таны илгээсэн мэссежний бичлэг, залгасан дуудлага бүрийг эхнэр /эсвэл нөхөрт/ чинь үнэгүй илгээх боллоо. Энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсэхгүй байгаа хэрэглэгчид МОБИКОМ-ын төвд хандаж, энэ шинэлэг үйлчилгээгээг авахгүй байхаа мэдэгдэж 10 доллар нэмж төлнө үү.

PS. Онигоо сониноос энэ зарлалыг уншлаа.Нээрээ ийм үйлчилгээг нээвэл "НО"-той хүмүүс ямар их сандрах бол оо?

2007-11-04

Бузартсан бурхан




Дэлхий дээр яг хэчнээн шашин байгааг тоолж гаргах хэцүү байх аа. Гэхдээ хамгийн нөлөө ихтэй, олон сүсэгтэнтэй нь гэвэл христ, лал, будда байх гэж би боддог юм. Христийн шашин нь дотороо католик, протестант, үнэн алдартны гээд хэд хэдэн чиглэлээр хуваагддаг бол будда нь дотороо тоолж барахын аргагүй олон урсгал чиглэлтэй.

Монголд буддын шашины улааны, шарын урсгал зэрэг шахуу дэлгэрч нөлөөгөө нэмэгдүүлэх гэж өөр хоорондоо нэлээн үзэлцэж байгаа эцэстээ буддын шашины шарын урсгал нь зонхиолж үлдсэн байгаа юм.

Соц нийгмийн үед шашин шүтэх хориотой байсан болохоор хүмүүс сэтгэл дотороо л сүслээд явдаг байсан биз. Харин одоо ч сайхан болж дээ. Итгэл үнэмшилээрээ шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний ёстой эрхийн асуудал. Нэг гэр бүлийн гишүүд боловч өөр өөр шашин шүтдэг байх нь хэвийн үзэгдэл болчихож. Саяхан ТВ-ээр Чех нөхөртэй монголд бүсгүйн тухай гарч байна. Монгол эмэгтэй буддын шашин шүтдэг. Харин нөхөр нь католик шашинтай. Тэр айл унтлагын өрөөндөө бурхан багш, христийн зургийг өөд өөдөөс нь харуулаад тавьчихсан байх юм. Амьдрал гэж сонин юм шүү...

Намайг 10 жилийн сурагч байхад христийн сүмд очоорой гэж гуйж хоргоосон оюутан охидууд, залуучууд зөндөө тааралддаг байж билээ. Ертөнцийн эзний ивээлд багтах юм бол... гээд л баахан суртал хийдэг байж билээ. Тухайн үед нь уучлаарай би завгүй байна гээд л аргалаад өнгөрүүлдэг байлаа. Харин одоо тиймэрхүү зүйл Улаанбаатарт байдаг эсэхийг бүү мэд!!! Яаруу ажилтай байдаг бол иймэрхүү ухуулагч нар цагийн дайсан.

Одоогоос бараг сарын өмнө эмээ намайг ном уншуулаад ир гээд явуулав аа. 11-р хороололд байдаг Дашчойлин гэж хийдэд очиж эмээгийн хэлсэн номыг бичүүлсэн юм. Энд нэг авууштай юм нь сүсэгтэнүүд өөрсдөө хэдэн төгрөг сүм хийдэд өгөхөө шийддэг юм байна. Харин Гандантэгчилэн хийдэд бурхны ном уншуулах юм бол түрийвч хоосрох юм байна лээ. Сүм хийд гэдэг чинь уг нь буяны байгуулага. Тэгвэл энэ Гандангийн лам нар чинь түвд хэл мэддэгээ далимдуулаад хүмүүсийн итгэл үнэмшилийг ашиглаж овоо хэдэн бор цаас олчихдог бололтой.

Түүнээс гадна Монголд байгаа буддын шашны сүм хийдүүд хир тоосондоо баригдаад цаанаа л нэг гундуухан байх юм. Уг нь миний төсөөлөлөөр бол бурхан шүтээн байгаа газар чинь эмнэлэгийн мэс заслын өрөөнөөс ч дутахааргүй цэвэрхэ гял цал баймаар юм. Тэр лам нарын өмсөж зүүсэн дээл хувцасыг нь ээ. Гэр хорооллын айлын тогооны бариулаас нэг их дутаад байх юм алга. За тэгээд бурхан шүтээнээ нандигнаж ороосон хадаг самбай ч бас хирэндээ бариулаастай. Ёстой нөгөө Д.Нацагдоржын “Хуучин хүү” өгүүллэг дээр гардаг шиг л... Монгол лам нар бурхан шүтээнээ бузартуулахгүй, хир буртагнаас нь салгаад цэвэрхэн байлгаж болдоггүй юм байх даа. Гандангийнхан тэгэж их мөнгө төгрөг хүмүүсээс авч байгаа юм байж хар захаас барааны саван угаалгын нунтаг бөөндөөд авчихдаг болоосой. За за баахан шүүмжлэл бичээд хаячихлаа.

Хойно байхдаа Оросын Үнэн Алдартны шашины хэд хэдэн сүмээр орж үзэж байлаа. Дотороо ч гаднаа ч гял цал сайхан цэвэрхэн юм байдаг юм байна лээ.

PS:

Улаанбаатар хотод Энэтхэг улсаас манайд сууж байсан элчин сайд Бакула Ренбуучи асан, бас америкийн буддын холбооны хөрөнгөөр нээгдсэн Буддын шашны их хөлгөний төв гээд газар бий. Тэнд их цэвэрхэн юм байна лээ.

2007-11-03

Зарлал. Хорт хийнээс хамгаалах баг худалдаж авна.


Ойрын хэд хоногоос химийн хорт хийнээс хамгаалах баг олж авах санаатай. /гэхдээ наргиа шүү. / Яагаад гэж сонирхож байна уу? Яагаад гэвэл Улаанбаатар утаандаа умбаад эхэлчихсэн. Өглөө орой ажил гэр рүүгээ явахад үнэн хүндрэлтэй болж байна шүү. Улаанбаатарын утаанд өвөлжөөд дасчихсан хүмүүсийн хувьд бол одоо улсын нийслэлийг бүрхээд байгаа энэ утаа юу ч биш гэнэ. Ид өвөл болохоор үүнээс ч илүү утаанд умбана гэж аав ээж хоёр хэлж байна. /Хэдхэн хоногийн өмнө оройн хоолны үеэр ээж аавтайгаа утаа гэдэг сэдвээр жаахан ярилцсан юм./
Намайг жаахан байхад УБТВ -ээр хорт багтай алдхаж яваа хүмүүсийг харуулаад агаарын бохиродолыг багасгая гэж уриалсан реклам гардаг байсан сан. Тэгвэл тэр реклам бодит амьдрал болох гээд байна шүү, хүмүүс ээ
Энэ өвөл Улаанбаатар утаандаа автах нь ойлголжтой. Цагаа өнгийн ороолт, малгай бол өмсөх ч хэрэг байхгүй. Орой бол хар тортог буугаад л ороод ирнэ. Одоо ингэж байгаа юм чинь ид өвлийн саруудад яана аа?

2007-11-01

ӨНӨӨДӨР НАМРЫН АДАГ САРЫН ШИНИЙН 12

Өнөөдөр бурхан багшийн тэнгэрийн орноос газарт буусан ИХ ДҮЙЦЭН ӨДӨР юм байна. Энэ өдөр хийсэн буян хэд дахин арвижиж, харин энэ өдөр хийсэн нүгэл хилэнц асар их үрждэг гэнэ. Цагаан хоол иднэ ээ Өнөөдөр...