2007-07-16

Зугаалж яваад авахуулсан нэг зураг

Чингис хааны хөшөөний барилгын ажил явагдаж байгаа юм байна лээ. Гадаадын жуулчидын нүдийг хужирлах нэг хөшөө тун удахгүй сүндэрлэх Монгол орны нэг чимэг нь болох нь дээ.

2007-07-15

Тэр намайг дурсдаг болов уу?

Дуучин Сарантуяагийн дуулсан энэ дууг өнгөрсөн 3 сарын сүүлээр Монголд байхдаа анх сонсож байсан юм. Хэд хоногийн өмнө энэ дууг олж авлаа. Үг нь бас их гоё санагдаад байгаа юм.

Балхжавын ая

Нармандахын үг

Тэр намайг дурсдаг болов уу

Тэр намайг дурсдаг болов уу?

Тэр намайг үгүйлдэг болов уу?

Тэртээх өдрүүдийг санадаг болов уу?

Тэмүүлсээр учирсаныг мэддэг болов уу?

Үргэлж тэр миний сэтгэлд

Үүрийн зүүдэнд үдшийн бодолд

Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч

Үнэрийг би салхинаас хайдаг

Зүүд нойрыгээ ганцаар хульжааж

Зүрх сэтгэлийг н.ь эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Улирал бүхэн өөрийн өнгөтэй

Учрал бүхэн өөрийн дурсамжтай

Залуу нас шиг дэврүүн зунаар

Залуу нар шиг дэрвэж явсан

Тэр намайг дурсдаг болов уу?

Тэр намайг үгүйлдэг болов уу?

Дахиад бид хоёр учрах болов уу

Догдлон байж уулзах болов уу?

Зүүд нойрыгээ ганцаар хульжааж

Зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Тэр намайг дурсдаг болов уу?

Тэр намайг үгүйлдэг болов уу?

Дахиад бид хоёр учрах болов уу

Догдлон байж уулзах болов уу?

Зүүд нойрыгээ ганцаар хульжааж

Зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Зугаалага

Сүүлийн үед амьдралын нэг хэмнэлд орчихоод байна. Ажил - гэр - ажил гэдэг маршрутаар яваад 3 долоо хонож байна. Сая наадмын гурван өдөр ч амараагүй ажилласан. Баяр болоод хүмүүс амарч байхад би ажлын албан тасалгаандаа зоолттой. Ямар ч баяр наадам болоогүй юм шиг л хийх ёстой албан үүргээ гүйцэтгээд....
За тэгээд 7 сарын 14-нд ажлын газрынхантайгаа Тэрэлжийн ойролцоо салхинд гарав. Сониноос манай ажлын газрынхан зугаалгаар явж байхдаа хэд хэдэн тэмцээн зохиов оо. Бүх эрчүүдийг нь барилдуулна гээд. Би гэдэг хүн бусдын шахалтаар аргагүйн эрхэнд барилдах болов. За тэгээд нэгийн даваан дээр л бүдэрсэн дээ, хөөрхий. Дараа нь гүйлтийн уралдаанд идэвхитэй нь аргагүй оролцсон боловч араасаа ...-р байранд оров. Гэхдээ хамгийн сүүлд нь ороогүй ээ. Ардаа бас хэдэн хүнийг хол тасархай орхисон байна лээ. Тэгээд Тэрэлж орчимд хонох төлөвлөгөөтэй байсан ч хот руу ажлын газрын хэдэн хүн буцахад нь машинд нь дайгдаад гэрийнхээ гадаа буулаа. Хэд хэдэн зураг даруулсан. Нээрээ нөгөө морь унасан Чингис хааны хөшөөг бүтээж байх үйл явцтай нь хальт танилцсан. Нэг өдрийг хотын дуу чимээнээс хол сайхан л өнгөрүүлэв.

2007-07-08


Улаанбаатар – Гамшигийн бүс.

1. Утаатай Улаанбаатар

Улаанбаатар хотын экологи, байгаль орчин жилээс жилд муудаад байна даа гэсэн бодол төрлөө. Улаанбаатарын унаган иргэн болохоор энэ асуудал санаа зовоогоод байгаа юм. Гэр хороолол хүрээгээ улам бүр тэлсээр байна. Хөдөөнөөс хотыг чиглэх урсгал тасрахгүй байгаа нь Улаанбаатар хотод гэр хороолол нэмэгдэх гол шалтгаан болоод байгаа юм. Өвлийн улиралд гэр хороололын айлууд нүүрс түлж дулаацна. Энэ нь хотын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлдэг. Өвөл болохоор Ерөнхийлөгчөөсөө эхэлээд цэцэрлэгийн хүүхэд хүртэл Улаанбаатар утаатай гэж халаглана. Энэ янзаараа бол хэдхэн жилийн дараа Улаанбаатарчууд бүгдээрээ уушигны хорт хавдар тусаж магадгүй юм. Муу ерлож байгаа юм биш.. Улаанбаатарын агаарын бохирдолыг багасгахгүй бол ийм аюул заналхийлэл бодитоор оршиж байна. Одооноос л анагаах ухааны их сургуульд уушиг, амьсгалын замын өвчнийг эмчлэх боловсон хүчин түлхүү бэлтгэх хэрэгтэй байх гэж бодов. Эрүү нүүрний эмгэг засал буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар шүдний эмч нар одоо хамгийн их орлоготой байдаг. Шүдний хувийн эмнэлэгүүд өвчтөнөөр тасардаггүй. Харин тав арван жилийн дараа уушиг муутай хүний тоо эрс нэмэгдэх тул уушиг, амьсгалын замын эрхтэний согог, өвчнийг эмчлэх эмч нар халаасаа зузаатгах боломжтой болно. (Ёгөө маягаар хэллээ шүү.) Улаанбаатарт шинээр офисын, орон сууцны зориулалттай олон барилга шинээр баригдаж байгаа. Хотын барилгын тоо нэмэгдэхийн хэрээр зүлэг, мод бут гээд ногоон байгууламжын эзлэх хэмжээ, талбай багас байна. Монголчууд байшин барихдаа дөч тавин жил арчилж ургуулсан модоо тайрч хаяад байгаа нь харамсалтай. Газрын зөвшөөрөл өгдөг хот дүүргийн дарга, эрх бүхий албан тушаалтанууд гэж яасан мулгуу хүмүүс байдаг юм бэ?

2. Туул голын усыг хордуулсан уу?

Та ямар ус ууж байгаадаа анхаарал тавьж байна уу? Улаанбаатар хотын нэг сая орчим иргэдийн хэрэглээний усыг Богд Хан уулын өмнүүр урсдаг Туул голоос авдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл 2007 оны 7 сарын 2 ноос эхлээд Туул голын загас бөөнөөрөө үхсэн байна. Туул голын загас бөөнөөрөө үхсэн тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр Монголын өдөр тутмын хэвлэл, телевиз радиогоор нэлээд цацагдсан. Голын ус бохирдсоноос болж загас олноороо үхсэн хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд Туул голын усанд химийн хортой бодис хийсэн байж болзошгүй гэдэг таамаглалыг TV5. TV9, C1, Eagle TV, 25 TV гэх мэт телевизээр гарсан мэдээнд сэтгүүлчид дэвшүүлжээ. Туул голын усны найрлаганд химийн хортой бодис агуулагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгуулагууд шалгаж тогтоох биз ээ.

SUNDAY








Амралтын өдөр хотоос гарахаар шийдэв. Тэгээд хамаатан руугаа утасдлаа. Ирсэнээсээ хойш огт холбоо бариагүй, уулзаагүй байсан юм. Харин бүх хамаатанууд маань намайг эргээд ирсэнийг бүгд мэдэж байгаа. За тэгээд 9112... гээд дугаар ру залгав. Лагерь дээр амарч байна гэж хэлж байна. За би тэгвэл би одоо танайд очлоо шүү гэвэл тэг тэг. Манайх ....гэдэг лагерьт гарсан. Лагерийн автобусанд суугаад хамгийн эцсийн буудал дээр нь буу. Би нар машинаараа тосоод авна. Манай лагерийн байшин эцсийн буудлаасаа нэлээн зайтай. Бараг 3 км гэдэг хариу сонсов.

За тэгээд би лагерь явах автобусанд суугаад явлаа. Хамгийн эцсийн буудал дээр нь автобус ирмэгц буулаа. Автобуснаас буумагц хамаатаны ах эгч хоёр машинтайгаа тосоод авлаа. Машинд нь суугаад дахиад хоёр гурван км газар давхиж байж сая нэг юм гэрт нь очлоо. Хотоос гармагц агаар шал ондоо болж байна. Тэгээд нөгөө хотын их дуу чимээ ч байхгүй. Ёстой чих амрав. За тэгээд хамаатан садан улсад яриад байх юм зөндө. Амаа чилтэл буу халж, баахан л юм ярив.Тэгээд дараа нь уул хаданд дээр гарч хальт зугаалага хийв. Уул хадаар яваагүй аймаар удсанаа сая л санав. Уулын орой дээр гараад алсын бараа ширтээд л...

Өглөө гэрээсээ гарсан хүн харанхуй шөнө болсон хойно Улаанбаатар дахь гэртээ эргэж ирлээ. Даваа гарагт ажилгүй байсан бол лагерь дээр хономоор л байлаа. Даанч маргааш нэг дэх өдөр. Гэртээ очиж усанд ороод, ажилдаа бэлтгэх шаардлагатай байсан болохоор хот руу буцсан даа. Нэг дэх өдөр ажилгүй байсан бол ч лагерь дээр цэвэр агаарт хономоор л байлаа.

2007 оны 7 сарын 1 ням гараг.