2007-07-15

Зугаалага

Сүүлийн үед амьдралын нэг хэмнэлд орчихоод байна. Ажил - гэр - ажил гэдэг маршрутаар яваад 3 долоо хонож байна. Сая наадмын гурван өдөр ч амараагүй ажилласан. Баяр болоод хүмүүс амарч байхад би ажлын албан тасалгаандаа зоолттой. Ямар ч баяр наадам болоогүй юм шиг л хийх ёстой албан үүргээ гүйцэтгээд....
За тэгээд 7 сарын 14-нд ажлын газрынхантайгаа Тэрэлжийн ойролцоо салхинд гарав. Сониноос манай ажлын газрынхан зугаалгаар явж байхдаа хэд хэдэн тэмцээн зохиов оо. Бүх эрчүүдийг нь барилдуулна гээд. Би гэдэг хүн бусдын шахалтаар аргагүйн эрхэнд барилдах болов. За тэгээд нэгийн даваан дээр л бүдэрсэн дээ, хөөрхий. Дараа нь гүйлтийн уралдаанд идэвхитэй нь аргагүй оролцсон боловч араасаа ...-р байранд оров. Гэхдээ хамгийн сүүлд нь ороогүй ээ. Ардаа бас хэдэн хүнийг хол тасархай орхисон байна лээ. Тэгээд Тэрэлж орчимд хонох төлөвлөгөөтэй байсан ч хот руу ажлын газрын хэдэн хүн буцахад нь машинд нь дайгдаад гэрийнхээ гадаа буулаа. Хэд хэдэн зураг даруулсан. Нээрээ нөгөө морь унасан Чингис хааны хөшөөг бүтээж байх үйл явцтай нь хальт танилцсан. Нэг өдрийг хотын дуу чимээнээс хол сайхан л өнгөрүүлэв.

2007-07-08


Улаанбаатар – Гамшигийн бүс.

1. Утаатай Улаанбаатар

Улаанбаатар хотын экологи, байгаль орчин жилээс жилд муудаад байна даа гэсэн бодол төрлөө. Улаанбаатарын унаган иргэн болохоор энэ асуудал санаа зовоогоод байгаа юм. Гэр хороолол хүрээгээ улам бүр тэлсээр байна. Хөдөөнөөс хотыг чиглэх урсгал тасрахгүй байгаа нь Улаанбаатар хотод гэр хороолол нэмэгдэх гол шалтгаан болоод байгаа юм. Өвлийн улиралд гэр хороололын айлууд нүүрс түлж дулаацна. Энэ нь хотын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлдэг. Өвөл болохоор Ерөнхийлөгчөөсөө эхэлээд цэцэрлэгийн хүүхэд хүртэл Улаанбаатар утаатай гэж халаглана. Энэ янзаараа бол хэдхэн жилийн дараа Улаанбаатарчууд бүгдээрээ уушигны хорт хавдар тусаж магадгүй юм. Муу ерлож байгаа юм биш.. Улаанбаатарын агаарын бохирдолыг багасгахгүй бол ийм аюул заналхийлэл бодитоор оршиж байна. Одооноос л анагаах ухааны их сургуульд уушиг, амьсгалын замын өвчнийг эмчлэх боловсон хүчин түлхүү бэлтгэх хэрэгтэй байх гэж бодов. Эрүү нүүрний эмгэг засал буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар шүдний эмч нар одоо хамгийн их орлоготой байдаг. Шүдний хувийн эмнэлэгүүд өвчтөнөөр тасардаггүй. Харин тав арван жилийн дараа уушиг муутай хүний тоо эрс нэмэгдэх тул уушиг, амьсгалын замын эрхтэний согог, өвчнийг эмчлэх эмч нар халаасаа зузаатгах боломжтой болно. (Ёгөө маягаар хэллээ шүү.) Улаанбаатарт шинээр офисын, орон сууцны зориулалттай олон барилга шинээр баригдаж байгаа. Хотын барилгын тоо нэмэгдэхийн хэрээр зүлэг, мод бут гээд ногоон байгууламжын эзлэх хэмжээ, талбай багас байна. Монголчууд байшин барихдаа дөч тавин жил арчилж ургуулсан модоо тайрч хаяад байгаа нь харамсалтай. Газрын зөвшөөрөл өгдөг хот дүүргийн дарга, эрх бүхий албан тушаалтанууд гэж яасан мулгуу хүмүүс байдаг юм бэ?

2. Туул голын усыг хордуулсан уу?

Та ямар ус ууж байгаадаа анхаарал тавьж байна уу? Улаанбаатар хотын нэг сая орчим иргэдийн хэрэглээний усыг Богд Хан уулын өмнүүр урсдаг Туул голоос авдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл 2007 оны 7 сарын 2 ноос эхлээд Туул голын загас бөөнөөрөө үхсэн байна. Туул голын загас бөөнөөрөө үхсэн тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр Монголын өдөр тутмын хэвлэл, телевиз радиогоор нэлээд цацагдсан. Голын ус бохирдсоноос болж загас олноороо үхсэн хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд Туул голын усанд химийн хортой бодис хийсэн байж болзошгүй гэдэг таамаглалыг TV5. TV9, C1, Eagle TV, 25 TV гэх мэт телевизээр гарсан мэдээнд сэтгүүлчид дэвшүүлжээ. Туул голын усны найрлаганд химийн хортой бодис агуулагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгуулагууд шалгаж тогтоох биз ээ.

SUNDAY








Амралтын өдөр хотоос гарахаар шийдэв. Тэгээд хамаатан руугаа утасдлаа. Ирсэнээсээ хойш огт холбоо бариагүй, уулзаагүй байсан юм. Харин бүх хамаатанууд маань намайг эргээд ирсэнийг бүгд мэдэж байгаа. За тэгээд 9112... гээд дугаар ру залгав. Лагерь дээр амарч байна гэж хэлж байна. За би тэгвэл би одоо танайд очлоо шүү гэвэл тэг тэг. Манайх ....гэдэг лагерьт гарсан. Лагерийн автобусанд суугаад хамгийн эцсийн буудал дээр нь буу. Би нар машинаараа тосоод авна. Манай лагерийн байшин эцсийн буудлаасаа нэлээн зайтай. Бараг 3 км гэдэг хариу сонсов.

За тэгээд би лагерь явах автобусанд суугаад явлаа. Хамгийн эцсийн буудал дээр нь автобус ирмэгц буулаа. Автобуснаас буумагц хамаатаны ах эгч хоёр машинтайгаа тосоод авлаа. Машинд нь суугаад дахиад хоёр гурван км газар давхиж байж сая нэг юм гэрт нь очлоо. Хотоос гармагц агаар шал ондоо болж байна. Тэгээд нөгөө хотын их дуу чимээ ч байхгүй. Ёстой чих амрав. За тэгээд хамаатан садан улсад яриад байх юм зөндө. Амаа чилтэл буу халж, баахан л юм ярив.Тэгээд дараа нь уул хаданд дээр гарч хальт зугаалага хийв. Уул хадаар яваагүй аймаар удсанаа сая л санав. Уулын орой дээр гараад алсын бараа ширтээд л...

Өглөө гэрээсээ гарсан хүн харанхуй шөнө болсон хойно Улаанбаатар дахь гэртээ эргэж ирлээ. Даваа гарагт ажилгүй байсан бол лагерь дээр хономоор л байлаа. Даанч маргааш нэг дэх өдөр. Гэртээ очиж усанд ороод, ажилдаа бэлтгэх шаардлагатай байсан болохоор хот руу буцсан даа. Нэг дэх өдөр ажилгүй байсан бол ч лагерь дээр цэвэр агаарт хономоор л байлаа.

2007 оны 7 сарын 1 ням гараг.

2007-06-29

Чамайгаа санана.

Ая зохиогч Ц. Дашзэвэг. "Хайрын гэгээн бороо" цомогоос

Чамайгаа санана.

Дуулах дууны аялгуу шигээ

Дэндүү сайхан чамдаа би

Миний гэсэн бүхнээ зориулж

Мэлмийн тольтиндоо

Мөнхлөн хайрлая.

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Аялах дууны эгшиг шигээ

Амьдралын гэгээ чамдаа би

Сайхан гэсэн бүхнээ зориулж

Сэтгэлийн тольтиндоо санан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Хайлах дууны уянга шигээ

Хамгаас хайртай чамдаа би

Өөрийн гэсэн бүхнээ зориулж

Өр зүрхэндээ дуулан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Хослох дууны хөг шигээ

Хорвоогийн гэгээ чамдаа би

Нандин гэсэн бүхнээ зориулж

Нарт орчлонд дурлан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Сүүлийн үед энэ дууг сонсож байгаа. 3 сард намайг УБ-д байхад энэ дуу анх гарсан юм. Тухайн үед нь ажил энэ тэр гээд үнэхээр завгүй байсан болохоор олж авч амжаагүй. Хоёр дахь эх орондоо очсон хойноо интернэт дэхь монголын дууны сайтуудаас хайгаад олоогүй. Харин сая Монголд ирээд олж авлаа.

Би ирлээ.

Эхний өдөр

За тэгээд би гэдэг хүн Монголдоо ирэв ээ. Цагийн зөрүү сайн гараагүй байсан тул ирмэгцээ л усанд орж, хоол идээд толгойгоо дэрэн дээр тавиад л нам унтав. Бүхэл өдөржингөө унтаад орой 20 цагийн орчимд сэрлээ. Сэрсэн чинь дахиад хоол хийгээд тавьчиж. Оройн хоолоо идэнгээ зурагт жаахан шагайж суув. Гэрийнхэнтэйгээ ойр зуурын юм хүүрнээд л... Намайг гэрээсээ явснаас хойш болсон гол гол үйл явдлуудын тухай дэлгэрэнгүйг мэдээлэл ээжийн амнаас дууллаа. /Өвөө нас барсан.../ Би зарим нэг зүйлийг лавлаж асуугаад л... Орой болж манайхан амрахаар хэвтэв. Харин би харуй бүрий болох тусам л сэргээд. Өдөржингөө унтсан хүн чинь шөнө юу гэж унтах вэ дээ. Улам л бие сэргээд. Шөнөжингөө кабелийн телевиз харж суув. Үүр цайхын алдад гэдэс өлсдөг байгаа. Тэгэхээр нь хөргөгч нээгээд үзсэн чинь хөлдүү бууз олов. Үүр цайж байхад ганцаараа бууж жигнэж идэв. /Амьдралдаа анх удаа шөнийн 4 цагт хоол идэв. / Тэгээд дахиад л зурагт ширтээстэй. Өглөө нүд анилдаад өөрийн эрхгүй унтав. Гэртээ ирсэн эхний өдөр нэг иймэрхүү.

Хоёр дахь өдөр

Өглөө эрт унтаад үд өнгөрч байхад сэрлээ. Тэгээд гэрээсээ гарлаа. Хамгийн түрүүнд уулзах ёстой хүмүүс бол ажлын газрын хамт олон гэж үзээд ажил руугаа харайлгав. Ажлын коллегууд, бас даргатайгаа уулзлаа. Гэртээ хэд хоног амарч байгаад ажилдаа ороорой гэж байна. Ажлынхаа нөхдүүдтэй баахан буу халж бурж бурж байгаад оройхон тийшээ гэртээ ирэв.

Гурав дахь өдөр

Нээрээ хоёр дахь эх орондоо байхад нэг шүд эмтэрч унасан юм. Бараг сарын өмнө шүдээ угааж байтал нэг шүдний тал нь эмтэрээд үйрээд унасан юм. Энгийн нүдээр харахад эрүүл юм шиг л байсан. Бодвол далдуур хорхойд идэгдсэн байж л дээ гэж тухайн үед нь таамаглаад өнгөрсөн. Сургуулийн эмнэлэг гэж үйлчилгээ муутай шал заваан газар байдаг болохоор Монголдоо шүдээ эмчлүүлсэн нь дээр гэж шийдсэн юм. Тэгээд Улаанбаатартаа төдийгүй улсдаа ганц Эрүү нүүрний эмгэг судлалын төв гэдэг сүртэй нэртэй эмнэлэг 15 цагт очив. /Улаанбаатарын энд тэндгүй шүдний эмнэлэг байдаг. Гэвч би хувийн шүдний эмнэлэгт сүжиггүй болоод удаж байгаа. Мөнгөний хойноос улайрсан нэг шүдний хувийн эмнэлэгт очоод хулхидуулсанаас хойш дахин хувийн эмнэлэгийг зорихоо больсон./ Шүдний төв дээр эмчилгээ хийдэг маш кабинеттай. Гэвч зун ихэнхи эмч нар амарчихсан гэнэ. Тэгээд ердөө ганцхан кабинетад 2 эмч 2 сувилагч л ажиллаж байв. Бас Анаагаахын сургуулийн эрүү нүүрний мэс заслын ангид сурдаг 3 годгоносон охин дадлага хийж байв. Коридорт нь очер дугаар гэж бялхаж байна аа. Би хамгийн сүүлийн хүн нь хэн бэ гэж асууж байгаад оочерлов. Тэгсэн чинь сүүлдээ хэрэг бишдээд. Харагдаж үзэгдээгүй баахан хүмүүс гэнэт гарч ирээд би ч байсан, оочер захиж байгаад явсан энэ тэр гэсээр миний оочер нэлээн ухарч За яахав үнэхээр оочер захисан юм бол гэх ухааны юм бодоод сууж байсан чинь нөгөө хүмүүс бүр давардаг байна ш дээ. Хоёр бүдүүн хүүхэн миний урдуур орох гээд би оочераа алдахгүй гэж зүтгээд. Сүүлдээ ийм бүдүүлэг хүмүүстэй юу ч яриад хэрэггүй гэж бодоод буянаараа болог гээд урдуураа оруулав. Хоёр бүдүүн хүүхэний нэг л эмчид үзүүлэх гэсэн юм байна л даа. Миний урдуур зүтгэж орсон бүдүүн эгч салфетка ч халаасандаа авч явдаггүй “тиймэрхүү түвшний соёлтой” нь хэдхэн хормын дотор ил тод болов. Эмч нь амны алчуур, салфетка орж ирэхгүй яасан юм бэ гэж аашилсан бололтой. Дадлага хийж байгаа годгор охин эмчийн өрөөнөөс толгойгоо цухуйлгаад нөгөө бүдүүнд нь хандаж салфетка гэж хэлэв. Нөгөө бүдүүн нь салфетка ТҮЦ энэ тэрхэнээс авахаар гарч яваа үзэгдэв. Хэдэн минутын дараа ашгүй миний орох ээлж ирэв. Хамаг биеэ хөштөл хүлээсний эцэст шүднээ бүтэн болгоод эмчийн өрөөнөөс гараад цага харсан чинь бараг 19.30 болж байв. Ядаж байхад гадаа бороо асгараад. Өдөр гэрээсээ гарсан би гэдэг хүн зонтик ч үгүй, нимгэн даавуун цамцтай явааг ч хэлэх үү. Баахан бухимдалтайгаар гэртээ харилаа. Дөнгөж гэртээ ороод сууж байтал ажлын газраас утасдаад ажилдаа маргаашнаас орчих тэгэх үү гэх ухааны юм ярьж байна. Гэртээ хэд хоног сайхан амарч байгаад үнлсэн ажилдаа орно гэж байсан мөрөөдөл замхарав аа гэж.

Дөрөв дэхь өдөр

Шар шувуу шиг шөнө босож хоол унд эргүүдэх нь өнөөдрөөс гайгүй болж байна. Өглөө босоод цайгаа уугаад ажилдаа явлаа. Ажил... Өдрийн хоол ... Ажил... Сүүлийн хэдэн өдөр нэтд сууж, мэйлээ шалгаж, блогоо шинэчилж, бусдын блогоор шагайх завгүй байсан юм. Мэйлээ шалгасан чинь хоёр гурван хүнээс захиа ирсэн байна. Уншиж танилцаад зохих хариуг нь бичиж илгээгээд блогнуудыг уншив. Ажил дээр блог тухтай уншаад сууж байх зав байхгүй болохоор флэш руугээ хуулж аваад гэртээ уншихаар шийдэв. Оройн нь гэртээ ирлээ. Манай гэрийнхэн дача /лагерь/ руу явна гээд байсан юм. Гэртээ ганцаараа. Ашгүй бэлэн хоол унд байна. Печинд халааж идэнгээ зурагт харж жаахан суув. Тэгээд компоо асааж флэшээ холбоод хуулж авсан блогнуудыг цагаан толгойн үсгийн дараалалаар нь уншиж гарав. Уншиж дуусаад өөрийнхөө блогт тавих тэмдэглэлээ бичиж байгаа нь энэ. За за ингээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая даа. Цаг ч нэлээн орой болчихож. Компны өмнө суухаар цаг хугацаа өнгөрч байгааг огт анзаарахгүй юм аа. Шөнийн 2 цаг болж байна ш дээ.маргааш өглөө ажилтай. Унтаж амрахаас даа. 2007-06-28